ОНХС болон Шилэн дансны 2018 оны аудитын тайланг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 17:35:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Үндэсний Аудитын газраас ирүүлсэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудит, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов.


С.Оюунбилэг: 2018 оны аудитаар 342.8 сая төгрөгийн 65 төлбөрийн акт тогтоожээ


Үндэсний Аудитын газраас есдүгээр сарын 05-нд ирүүлсэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав. 



Аймаг, нийслэлийн ОНХС 2018 онд 88.5 тэрбум төгрөгөөр санхүүжиж, орон нутаг өөрийн эх үүсвэрээр 17.3 тэрбум төгрөг, өмнөх оны үлдэгдэл 17.4 тэрбум төгрөг, нийт 123.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Энэ нь тус сангийн 2017 оны гүйцэтгэлээс 16.0 тэрбум төгрөгөөр буюу 12.9 хувиар нэмэгдсэн. ОНХС-ийн хөрөнгөөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар 2018 онд нийт 122.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 4.500 төсөл, ажил хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс гүйцэтгэлээр 86.1 тэрбум төгрөгийн 3.594 төсөл, ажил буюу 83.0 хувь бүрэн хэрэгжсэн байна. Харин 9.4 тэрбум төгрөгийн 272 төсөл, ажил буюу 9.1 хувь нь дутуу хэрэгжсэн, 13.3 тэрбум төгрөгийн 600 төсөл, ажил буюу 12.8 хувь нь огт хэрэгжээгүй байна гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа дурдав. 


Мөн, Үндэсний аудитын газраас 2018 оны аудитаар 342.8 сая төгрөгийн 65 төлбөрийн акт тогтоож, 18.3 тэрбум төгрөгийн 475 зөрчлийг арилгах албан шаардлага, 5.0 тэрбум төгрөгийн зөвлөмж холбогдох байгууллага, албан тушаалтанд хугацаатай хүргүүлсэн байна. Тухайлбал, Архангай, Сүхбаатар аймагт 16 албан тушаалтанд холбогдуулан хариуцлага тооцох тухай албан шаардлагыг дээд шатны байгууллагад нь хүргүүлжээ. Аудитаар "сангийн зарим хөрөнгийг орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрт бус, богино хугацааны хэрэгцээг хангах зардалд зориулалт бусаар зарцуулж байгаа нь тус сангийн хөрөнгөд тавих хяналт, албан тушаалтны хариуцлага. санхүүгийн сахилга сул байгаатай холбоотой бөгөөд энэ нь сангийн үр өгөөж, ач холбогдлыг бууруулж байна гэж дүгнэжээ. 


Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, зөрчил гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох шаардлагатайг дурдаад, цаашид ОНХС-гийн хөрөнгийг төлөвлөж олгохдоо, үнэлгээнээс хасдаг чиглэлийг барьж ажиллавал, орон нутгийн удирдлага илүү хариуцлагатай, санаачилгатай болно гэсэн санал хэллээ. 


Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов


Үндэсний Аудитын газраас энэ сарын 01-нд ирүүлсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг мөн тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитаар улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 869 байгууллага, аймаг, нийслэлийн 22 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 4079 байгууллага буюу нийт 4948 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хуульд заасан мэдээллийг хугацаанд нь шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан эсэхийг шалгасан гэдгийг дурдав. 



Мөн “Нээлттэй нийгэм форум" ТББ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийлгэн, ирүүлсэн дүнг аудитын тайланд нэгтгэсэн гэдгийг онцлов. 


Шилэн дансны тухай хуульд заасны дагуу төсвийн удирдлагыг хэрэгжүүлсэн шийдвэр, ажлыг 2018 оны бүтэн жилийн байдлаар, улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд 90.2 хувь, Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд 89.3 хувь тус тус хэрэгжүүлсэн байна. Мөн аудитын нэгтгэсэн дүнгээр улсын төсвийн төсвийн ерөнийлөн захирагчдын харьяа 869 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 90.2 хувь буюу өмнөх аудитын дүнгээс 3.5 хувиар, аймаг нийслэлийн төсвийн ТЕЗ-ийн харьяа 4079 байгууллагын хэрэгжилт 89 3 хувь буюу өмнөх аудитын дүнгээс 3 1 хувиар тус тус нэмэгджээ. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтан 2018 оны байдлаар шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулахдаа, нийтлэг зөрчил гаргасан талаар тэргүүлэх аудитор С.Оюунбилэг мэдээлэлдээ дурдсан. 


Улсын хэмжээнд 661 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгах хугацаатай албан шаардлага, 46 байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргэж, аудитын явцад илрүүлсэн материаллаг бус зөрчилд тухай бүр залруулах зөвлөмж өгч ажилласан гэдгийг онцоллоо. 


Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан дууслаа.

Холбоотой мэдээ