Гурван сумтай Говьсүмбэр зэргэлдээх аймгийнхаа иргэдэд үйлчилгээ үзүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-10-11 22:11:43

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Чойрын гудамжаар алхаж явтал таксины жолооч нартай тааралдлаа.Хонхор гэж нэршсэн Найрамдлын хотхоны дэргэдэх авто зогсоол дээр зорчигчоо ээлж дараалан хүлээх тэд элдвийг хүүрнэнэ.

Хүмүүсийн хэлдгээр “буу” халж байх шиг байна. Дөхөж очоод зургийг нь автал тэдний нэг нь “Дүү хүү бидний зургаар яах нь вэ, пэйс мээс дээр тавьчихгүй юм байгаа биздээ” гэж сонирхох маягтай асуухад нь танилцаж цөөн хором хөөрөлдлөө. Түүнийг Ц.Золбаяр гэдэг. “Сүмбэр хас” такси компанид жолооч ажилтай аж.

-Сайхан намаржиж байна уу, орлого их үү?

-Сайхан намаржиж байна. Өдөртөө 30-40 мянган төгрөг олно. Олсон орлогоосоо компанидаа 10000 төгрөг тушаагаад бусдыг нь өөрсдөө хэрэглэнэ.

Эрвийх дэрвийхээрээ зүтгээд болж л байна. Чойрт “Сүмбэр хас”, “Чойр такси”, “Монгол шуудан” такси гэсэн албан ёсны гурван компани ажилладаг. Бараг 100 гаруй хүн такси үйлчилгээ эрхэлдэг.

-Хүн ам багатай газар 100 гаруй такси ажиллаад өдөртөө 30-40 мянгыг олдог гэхлээр зах зээл эрэлт хэрэгцээ байх нь ээ?

-Автобусаар Улаанбаатар руу такси 15000, автобус 10.500, галт тэргээр арваад мянга төгрөгөөр зорчино. Чойр хүн ам багатай ч ирж буцах хүмүүсийн хөл тасардаггүй, арилжаа худалдаа хөгжиж байгаа газар. Болж л байна.

- Шатахууны үнэ өссөн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үү?

-Өсөлгүй яахав. Өдөр ирэх тусам л барааны үнэ өсч байна. Энэ хавар махны үнэ  огцом өссөн нь сумын төвд цалингаараа амьдардаг хүмүүст хүндхэн туслаа. Махны үнэ 6000-8000, жижиглэн нь 10 гаруй мянган төгрөг, ямаа 6500-7000 болж өссөн.

-Говьсүмбэр аймаг хэрхэн хөгжиж байна вэ?

 -Манай Чойрт газар газрын хүмүүс цугларсан. Дээхнэ төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, каракул хонины сангийн аж ахуй үүсэн байгуулагдах үед монгол орны өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд ирж Чойр хотод суурьшсан түүхтэй.

Би Төв аймгийн Октябрийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад Чойрт ирээд 16 жил болж байна. 1990 он эхэлж оросууд энэ нутгаас явснаас хойш Чойрын байшин барилга нь хуучирч балгас болох дээрээ тулж хэцүүхэн л болсон гэдэг.

Цонхыг нь гөлмөн төмөрөөр битүүлж, хаалгыг нь тоосгоор өрөөд хаясан. Удалгүй  хүмүүс цонхыг нь хагалж хаалга, тавилгыг хуу хамж одсон. Бага багаар засварласаар хамгийн сүүлд  2015 онд  сүүлчийн барилгыг зассан байх.

Чойрт гадны аймгийнхан хүүхдээ сургаж, бизнес хийж амьдралаа авч явж байна. Хүн ам багатай жижиг аймаг гэж ярьдаг ч дэд бүтэц хөгжсөн, гэр хороолол багатай, халуун хүйтэн устай учир дөрвөн аймгийн иргэд, Улаанбаатарынхан энд арилжаа худалдаа эрхэлж амьдралаа залгуулж байна.

За миний ээлж боллоо гээд жолооч ах зорчигчоо суулгаад хөдлөв. Цааш явж хэд хэдэн худалдааны төвөөр орлоо. “Балдан засаг”, “Андууд” “Номин электроникс”, “Чандмань” зэрэг томоохон худалдааны төвүүд ажилладаг аж. Чойрынхон усан бассейнаа сайрхан ярих дуртай гэх. Учир нь байнга ажилладаг тул залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болжээ.

Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн шинэ сургууль баригдаж байна.

Нийт таван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай барилгын ажлыг  “Идэр чандмань” ХХК  барьж буй. Учир нь Сүмбэр суманд хил дагуух Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил,Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг сумаас ойролцоогоор 640 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа аж.

Гуравхан сумтай гэгдэх Говьсүмбэр аймаг зэргэлдээх дөрвөн аймгийн хүүхэд багачуудыг сургаж, иргэдийг нь ажлын байраар хангаж байна.



 

Холбоотой мэдээ