Г.Намхайдагвын хүрэл хөшөөг аймгийн музейд босгов

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-10 14:28:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн музейг үүсгэн байгуулагч, зураач, сийлбэрч Г.Намхайдагва агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд түүнийг алдаршуулах олон ажил хийж байгаагийн нэг нь “Намхайдагва-100” эрдэм шинжилгээний бага хурал юм.

Аймгийн БСУГ-аас СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан тус хурлаар Г.Намхайдагва агсны орон нутагт соёлын өвийг хамгаалах, музейг бэхжүүлэх, түүний сан хөмрөгийг баяжуулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг дурсан санаж, эрдэмтэн судлаачид өөр өөрийн илтгэлийг тавилаа.

Энэ үеэр Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба Г.Намхайдагва агсны угийн хэлхээ, түүний Архивын газрын даргаар ажиллаж байх үеийн болон 28 жилийн турш музейн даргаар ажиллаж байхдаа хийж бүтээж байсан үйл хэргийг сурталчлан таниулав. Мөн соёлын ажилтнуудын зүгээс Өвөрхангай аймгийн музейн үзмэр судлал, биет бус өв, соёлын үл хөдлөх өв, номын сангийн хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьсан бөгөөд  шилдэг илтгэлийг шалгаруулан урамшууллаа.

Дэлхийн өв, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын ажилтан А.Ханджав “Уламжлалт шагайн наадгайн төрлийг тодорхойлсон судалгааны зарим үр дүн” илтгэлээрээ тэргүүлж, Аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ "Өвөрхангай аймгийн музейд хадгалагдаж буй тамгад, тэдгээрийн онцлог” илтгэлээр удаах байрт шалгарсан юм.

Түүхч, угсаатан зүйч, Монгол түмнээ “уран гарт” хэмээн нэрлэгдсэн Г.Намхайдагвын хүрэл хөшөөг аймгийн музейд босгосон бөгөөд аавынхаа 100 насны ойд зориулж, түүний хүү, уран барималч Н.Оргил бүтээн туурвижээ.

Холбоотой мэдээ