Венесуэлийн сөрөг хүчин энэ сарын 24-нд жагсана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-09 11:20:44

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн сөрөг хүчин 10 дугаар сарын 24-нд баруун хойд нутагт орших Сулия мужид эсэргүүцлийн ажиллагаа явуулна гэж тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мягмар гарагт мэдэгдсэнийг “Union Radio” радиостанц уламжилжээ.


“Өөрчлөлтийг шаардаж буй хүмүүст бид хариу өгнө. Сөрөг хүчнийхэн 10 дугаар сарын 24-нд Сулия мужийнхантай хамт ард түмнээ хамгаалахаар жагсана” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хүн амын тоогоор улсдаа хоёрдугаарт ордог Маракайбо хот оршдог тус мужид ус, цахилгаан эрчим хүчний хангамж доголдоод удаж байгаа юм.


Он гарснаас хойш Венесуэлд цахилгаан дамжуулах шугамууд, дэд станцуудад хэд хэдэн удаа гэмтэл гарсан билээ. Хамгийн том осол гуравдугаар сарын 7-нд гарсан бөгөөд нийслэл Каракас хот болон олон муж хэдэн өдрийн турш гэрэл цахилгаангүй байсан юм. Венесуэлийн Засгийн газраас мэдээлснээр, Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны улмаас эрчим хүч доголджээ. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ослын хариуцлагыг “Америкийн империализм” хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Төрийн департамент үүнийг няцаасан байна.


Эрчим хүчний сүлжээ, дэд станцуудад гарсан осол аваар нь урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийх нөөц боломж хомс байдгаас үүдэлтэй гэж Венесуэлийн Эрчим хүчний салбарын ажилчдын холбооны төлөөлөгчид нэг бус удаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ