“Маш нууц” жүжиг үзэгчдийн хүлээлтэд нийцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-08 15:51:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын ээлжит нэгэн уран бүтээл, “Маш нууц” жүжгийн нууц 10 дугаар сарын 07-ны өдөр тайзнаа задарлаа. Уран бүтээлчдийн дөрвөн сарын хичээл зүтгэл, үзэгчдийн мөн энэ хугацааны хүлээлт талаар болсонгүй. Эх орон, газар шорооны үнэ цэн, монгол эрсийн эр зоригийг тодотгох уг бүтээл нь анх удаа хөдөө орон нутгийн театрын тайзнаа тавигдаж буйгаараа онцлог юм.

Театрын хаалгаар ормогц Монгол Улсын төрийн далбаа, дархан хилээ манан зогсоо хилийн харуул, цэрэг дайчид, бүсгүйчүүд үзэгчдийг угтан авах нь жүжгийн утга санааг илтгэж байлаа.


Шинэ жүжгээр үзэгчидтэйгээ дахин уулзаж байгаадаа таатай байна. Манай хамт олны уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл энэ жүжигт шингэсэн. Жүжигчдээс гадна арын албаныхан гээд 40 гаруй хүн уг уран бүтээл дээр ажиллаж, ийнхүү үр дүнгээ үзлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор уран бүтээлчид бид ямар нэгэн том бүтээл заавал хийх ёстой гэж манай уран бүтээлийн албаныхан үзсэний үндсэн дээр энэхүү “Маш нууц” жүжгийг сонгосон гэдгээ Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт хэллээ.

Жүжиг нэг цаг 30 минут үргэлжлэх бөгөөд жүжгийн гол дүрийг тус театрын залуу уран бүтээлчид бүтээжээ. Өөр өөрсдийн оноогдсон дүрээ маш чадварлагаар харуулж байсан нь нулимс дуслуулах, халаглан уулга алдах, инээн алга таших зэрэг үзэгчдийн сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгдэж, энэ нь жүжигчдийн ур чадварыг илтгэж байлаа. Нөгөө талаар хөдөө орон нутгийн театрт ч драмын жүжгийг амилуулж болдог гэдгийг "Маш нууц" жүжгийн баг хамт олон харуулсан юм.

Жүжгийн ерөнхий найруулагч МУСТА З.Далай сэтгэгдлээ хуваалцахдаа, нэг шинэхэн жүжгээ үзэгч түмэндээ өлгийдүүлж, мэлмийд нь тавилаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. Манай жүжигчдийн хувьд бүгд мэргэжлийн сургууль төгссөн гэдэг утгаараа аливаа дүр дээр ажиллах, тухайн дүрийг бүрэн эзэмших чадвар суужээ гэдэг нь харагдлаа. Найруулагчийнхаа санааг бүрэн гүйцэлдүүллээ гэж дүгнэж байна. Тиймээс нэн тэргүүн жүжигчиддээ, уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлмээр байна гэв.

Монгол Улсын Төрийн шагналт Ч.Чимэд  “Маш нууц” зохиолоо 1974 онд бичиж, улмаар 1975 онд Улсын драмын эрдмийн театртын тайзнаа найруулагч Б.Мөнхдоржийн найруулгаар “Маш нууц” жүжиг тоглогдож байжээ. Үүнээс хойш өдгөө Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид жүжгийг дахин амилуулсан нь энэ юм. 

Холбоотой мэдээ