"Атрын шан-2019" аянд 100 гаруй залуус оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-05 22:43:12

Төв /МОНЦАМЭ/. Атарчин залуусыг дурсах, тариаланч залуусаа дэмжих зорилготой Төв аймгийн ЗДТГ, залуучуудын байгууллагатай хамтран Жаргалант суманд  "Атрын шан-2019" аяны үйл ажиллагааг зохион явуулжээ.

Уг үйл ажиллагаанд 100 гаруй залуус оролцож, хүнсний ногоо хураасан байна. 

Залуус "Атар", "Октябрь", "Найрамдал", "Залуучууд", "Тэжээл", "Нөхөрлөл" гэсэн САА-д хуваагдан, уралдаан зарлан ажиллажээ. Тэд хүнсний ногоо хураахаас гадна тариан талбайд болсон уралдаан тэмцээнд оролцож нэг өдрийг идэвхтэй өнгөрөөжээ. Залуус тариаланч, ногоочдын ажилд тусалснаараа тэдний хөдөлмөрийг биеэрээ мэдэрч, хандлагаа өөрчилсөн тухай ярьж байлаа.

Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл "Атрын шан-2019" аянд оролцсон залуус ногоочид, тариаланчдын хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож ухаарсан үр дүнтэй арга хэмжээ болсон гэж онцоллоо.

Намрын ургац хураалтад оролцсон залууст, цаг үеийн чухал ажлыг санаачлан зохион байгуулсан аймгийн ЗДТГ, Залуучуудын байгууллагын хамт олонд  Жаргалант сумын Засаг даргын орлогч Н.Бямбаням талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.


Холбоотой мэдээ