Увс аймагт “Эрүүл элэг” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:08:14

Хавдрын өвчлөлд Увсынхан их өртөж байна, ялангуяа элэгний хавдар хожуу үедээ илэрч байна гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Иймээс элэгний В, С вирусыг эрт илрүүлэн эмчлэх эмчилгээний аргыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр Увс аймгийн ЗДТГ-аас “Элэгний эмч нарын холбоо” ОНОМ сантай хамтран элэгний В, С вирусын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлэх “Эрүүл элэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 6 мянган хүнийг вирусын шинжилгээнд хамруулах аж. Үүний дараагаар вирусыг тоолох, улмаар эмчлэхэд зорилтод бүлгийн хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэдийн  шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн 4 эмнэлэг, 18 сумын эмнэлэг, хувийн хэвшлийн 4 эмнэлгээр дамжуулан авахаар төлөвлөжээ. Тус төслийг хэрэгжүүлэх эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өнгөрсөн баасан гарагт Улаангомд боллоо.

Иргэдийг шинжилгээнд хамруулснаар вирусгүй иргэд вакцинд хамрагдах, вирустай хүмүүс нь түүнийгээ тоолуулж, эмчилгээний заавар авах цогц арга хэмжээ болох юм байна. Уг төсөл энэ оны 12 сар хүртэл хэрэгжинэ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ