Орос хэлний ахмад багшийн бүтээл шилдэг төслөөр шалгарчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-26 13:45:00

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн БСУГ-ын дарга С.Ганчимэгийн санаачилгаар ахмад багш Л.Оюунцэцэг, БСУГ-ын мэргэжилтэн Б.Сонинбилэг нарын хамт хэрэгжүүлж байгаа "Сайн туршлага" сургалт аргазүйн бүтээл төсөлд шалгарчээ. Багш нарын бүтээл “Орон нутгийн Боловсролын байгууллагын инновацыг дэмжих” төсөлд шалгарсан байна. “Сайн туршлага” шилдэг аргазүйн бүтээлийн зорилго нь багш ямар нөхцөлд ажиллавал хамгийн их үр дүн гарч болох, хамгийн тохиромжтой нөхцөлийг туршин дэлгэрүүлэхийн тулд тэтгэвэрт гарсан ахмад багшийн ур чадвар, туршлагад тулгуурлан ажиллах нөхцөл боломжоор ханган чиглүүлэх зорилготой аж. Мөн багш ба орон нутгийн хөгжлийн бодлого хоорондоо хэрхэн уялдвал зохимжтой байх талаар судалж бүтээлдээ шинэ санааг тусгажээ.

Сонирхуулахад, Завхан аймгийн БСУГ нь өөрийн эзэмшлийн боловч ашиглалтгүй байгаа байрандаа Орос хэлний төв байгуулан, тэтгэвэрт гарсан ахмад багшийг ажиллах нөхцөл боломж, удирдлагаар хангаснаар тухайн үед төсөөлж байгаагүй өндөр амжилт, үр дүнд хүрсэн тул бусдад түгээн дэлгэрүүлэхээр зорьжээ. Эхэн үеийн нөхцөл байдал нь  багшийг элдэв бичиг цаас, тайлагналт, хурал зөвлөгөөн зэрэг захиргааны ажлын дарамтгүйгээр ажиллуулж, хамгийн их үр дүнд хүрэхийн тулд ажлын нөхцөл ямар байх, багш өөрөө ямар байвал зохих вэ гэсэн асуултын хариуг олохын тулд юунаас эхлэх, хэрхэн ажиллахаа мэдэхгүй байжээ. Гэсэн хэдий ч дээрх төвийг 2016 онд нээж төвийн багшаар тэтгэвэртээ суусан орос хэлний багш Л.Оюунцэцэгийг урьж ажиллуулснаар маш сайн үр дүн гарсан. Орос хэлний төв байгуулаад сүүлийн гурван жил “чадваржсан, хариуцлагажсан, ёс зүйтэй сайн багшид чөлөөт орон зай хамгийн их хэрэгтэй” гэдгийг нотлон харуулжээ. Тиймээс “Сайн туршлага” нэртэй бүтээлийг Л.Оюунцэцэг багштай хамтран хийж “Орон нутгийн Боловсролын байгууллагын инновацыг дэмжих” шилдэг төслөөр шалгарсан байна хэмээн аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Дашрамд дуулгахад, 2019 оны 10 дугаар сарын 12-19-ний хооронд БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотод зохион байгуулах багшийн туршлага солилцох сургалт, аялалд шилдэг төслийн багш нар уригдан оролцох аж.

Холбоотой мэдээ