Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам бүр нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-24 14:18:35

ВАШИНГТОН. /AP/. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг Дэлхийн цаг уурын газрын тайлан харуулжээ. Уг баримт бичгийг Нью-Йорк хотноо зохион байгуулж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтыг угтан танилцуулсан байна.


Тайланд дурдсанаар, 2014-2019 оны хоорондох таван жилийн хугацаанд далайн түвшин хурдацтайгаар нэмэгдэж, нүүрстөрөгчийн ялгарал хамгийн их хэмжээнд хүрсэн ажээ. Дэлхийн цаг уурын газрын мэргэжилтнүүд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиглэлд яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.


Агаарын температур 1850 оноос хойш Цельсийн 1.1 хэмээр нэмэгдсэн бол 2011-2015 оны хооронд 0.2 хувиар өссөнийг уг тайланд онцлон тэмдэглэжээ. Мөн далайн түвшин 1993 оноос хойш жил тутам 3.2 миллиметрээр нэмэгдэж байсан бол 2014-2019 онд уг үзүүлэлт 5 миллиметрт хүрч нэмэгдсэн байна.


Далайн түвшин нэмэгдэж, халуун орны шуурга эрчимжсэний улмаас энэ онд Бахамын арлууд, Мозамбикт хүмүүнлэгийн болон эдийн засгийн ноцтой гарз хохирол учирсныг уг тайланд иш татжээ. 

Холбоотой мэдээ