Б.Наранцацрал: Иргэдэд нунтаг түлш очихгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар өнөөдөр тус компанийн борлуулалт хариуцсан нярав Б.Наранцацрал мэдээлэл хийлээ.
Мэдээлэл хийх болсон нь
түлшний хэрэглээнээс гадна олон нийтийн сүлжээгээр сайжруулсан түлшний талаар “Хэрэглэхийн
аргагүй шороо бүхий нунтаг байна” гэсэн ташаа мэдээлэл цацагдаж буйд хариу өгч
байна гэв. Тэрээр хэлэхдээ, “Гэрээт цэгүүдэд нэг тонн савлагаатай түлш очдог.
Түүнийг гэрээт борлуулагч нар 25 кг-ын шуудайд шигшиж савлан худалдаж байгаа.
Тиймээс хэрэглэгч нарт нунтаг түлш очихгүй. Очих ч боломж байхгүй. Мөн гэрээт
борлуулагч нар жингийн алдагдалд орж хохирохгүй” гэж байв.
-Тонноор авахад нунтаг гарахгүй юу?
-25 кг-ын савласнаас
дээш хэмжээгээр авах бол гэрээт борлуулагчдаас биш үйлдвэрээс авч байгаа. Мөн
шигшиж өгч байгаа. Тээвэрлэлтээс болж бутарч болно. Түүнээс бус яг иргэдийн гар
дээр нунтаг түлш очихгүй.
-Үнс их гарч байна гэх юм. Танайх үнсийг нь мөн авч
байгаа гэдэг үнэн үү?
-Үнс их гарч байгаа нь түлш
бүрэн шатаж байна гэсэн үг. Манайх үнсийг нь авна. Манай үйлдвэр үнсэн блок,
шахмал хийж буй ААН-тэй хамтарч ажиллаж байгаа. Харин иргэдээс үнсийг яаж авах
талаар одоогоор тодорхой шийдээгүй байна.
-Их чийгтэй, нойтон байна гэсэн гомдол бас байна?
-Түлш үйлдвэрээс
халуунаараа гарч байгаа. Бид 3 ээлжээр, 24 цаг ажиллаж түлшний нөөцийг бүрдүүлж
байна. Нэгэнт авсан нөхцөлд хадгалалтын явцад чийг авахуулахгүй байх үүднээс доор
нь юм дэвсэх хэрэгтэй. Түлшний шуудайн дээр утасны дугаар байгаа. Түүгээр холбогдож
иргэд галлагаа болон хадгалалт, хэрэглээний талаар заавар зөвлөгөө авч болно
гэв.
Олон нийтийн сүлжээгээр
цацагдаж буй ташаа мэдээллийн хувьд борлуулалтын нэг цэг дээр нунтагласан
шахмал түлшний зургийг авч, бичлэг хийн бусад бүх цэгт ийм байна мэтээр
мэдээлснийг бид эсэргүүцэж байна гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар “Тавантолгой
түлш” ХХК 450 гаруй иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан худалдаж байгаа
гэв.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр