"Дундговь-Түншлэл“ үзэсгэлэн худалдаанд 120 гаруй үйлдвэрлэгч оролцжээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-23 15:23:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 20,21-ний өдрүүдэд Мандалговь хотноо болсон “Дундговь түншлэл-2019” үзэсгэлэн худалдаанд 15 сумын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцож, хоёр өдрийн турш 43,2 сая төгрөгийн борлуулалт хийж, шилдгүүдээ шалгарууллаа.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, тэдгээрийг зах зээлтэй холбож, харилцан туршлага солилцох зорилго бүхий тус үзэсгэлэн худалдааны Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний “Гран при” шагналын эзнээр Дэлгэрцогт сумын үйлдвэрлэгч Ч.Доржпүрэв өөрийн тарьсан болон боловсруулж, хатаасан бүтээгдэхүүнээр тодорсон бол “Аймгийн брэнд” бүтээгдэхүүнээр Сайхан-Овоо сумын малчин И.Төрмөнхийн хөхүүрийн айраг, Луус сумын малчин Ц.Отгонбатын үйлдвэрлэсэн "Идээний ааруул" тус тус шалгарчээ.
Харин Гурвансайхан сумын малчин Б.Баяржавхлангийн хийсэн ааруул "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн" болсон бол  "Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн" үйлдвэрлэгч"-ээр Дэлгэрцогт сумын малчин А.Нарантуяа, Дэлгэрхангай сумын малчин Б.Булганмаа, Говь-Угтаал сумын малчин Г.Нандин-Эрдэнэ, Гурвансайхан сумын малчин М.Ариунцэцэг нар,  "Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр Сайнцагаан сумын ногоочин Л.Дайрийжав, Адаацаг сумын ногоочин В.Баянмөнх нар, "Шилдэг хүнсний бусад нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр Сайхан-Овоо сумын үйлдвэрлэгч  С.Цогтсайхан, Сайнцагаан сумын Н.Мөнхцэцэг нар шалгарсан аж.
"Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн" төрөлд Сайнцагаан сумын “Тэнүүн говийн баялаг” ХХК-ийн гэрийн эсгий, Цагаандэлгэр сумын иргэн М.Сүхээгийн үйлдвэрлэсэн төрөл бүрийн эсгий олбог, Дэрэн сумын үйлдвэрлэгч Х.Мөнхтайвангийн хийсэн арьсан гутал шалгарсан бол "Шилдэг гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн"-ээр Дэлгэрхангай сумын үйлдвэрлэгч А.Амгалан, Сайнцагаан сумын С.Өлзийсайхан нарын хийсэн эсгий бүтээгдэхүүн тус тус шалгарчээ.
Харин Баянжаргалан сумын малчин Д.Мэнд-Амар, Луус сумын Н.Бямбажав нар үйлдвэрлэсэн ааруул, цагаан идээгээрээ "Шинэ бүтээгдэхүүн, шинийг эрэлхийлэгч"-ээр шалгарлаа.
"Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч байгууллага"-аар Сайнцагаан сумын “Ээлт бор хайрхан” ХХК, Сайнцагаан сумын “Зараагийн нүхэн” ХХК тодорчээ.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад борлуулалт харьцангуй өндөр, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол сайжирсан, сум бүр сумаасаа шалгарсан бүтээгдэхүүнээр оролцсон онцлогтой боллоо гэж аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Энхтуяа онцоллоо. 

Холбоотой мэдээ