Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн хурал Улаанбаатар хотноо боллоо

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-23 11:24:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх" сэдэвт бүсийн хурал энэ сарын 17-19-нд Улаанбаатар хотноо боллоо.

Тус хуралд Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Филиппин, Шри Ланка Улсаас тус бүр таван төлөөлөгч мөн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албаны Терроризмоос урьдчилан сэргийлэх хэлтэс, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зөвлөл, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, АНУ-ын Мидьлибюри институт зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд уригдан оролцсон юм.

Хурлаар НҮБ-ын терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэгтэй тэмцэх тогтолцоо, олон улсын стандарт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан Исламын улсын эсрэг хориг арга хэмжээний тогтоолууд, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийг царцаах зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Манай улсаас Монголбанк, Санхүү мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурор, ХЗДХ, ГХЯ, ТЕГ,  АТГ, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Эрүүгийн цагдаагийн алба, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас төлөөлөл оролцож дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ