Баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-23 10:35:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын VI их наадам энэ сарын 7-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон. Тус их наадамд Дархан-Уул аймгаас спортын 24 төрлөөр 237 тамирчин, 24 дасгалжуулагч нийт 257 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Эдгээр баг тамирчид, дасгалжуулагчдад аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэтгэл үзүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.  

Дархан-Уул аймгийн мянга мянган хүүхэд, залуучуудыг төлөөлөн оролцсон баг тамирчид үндсэн төрлөөр 36 алт, 45 мөнгө, 41 хүрэл буюу нийт 122 медаль хүртэж, багийн дүнгээр шагналт 5 дугаар байрт шалгарчээ.

Дархан-Уул аймгийн өсвөрийн тамирчид хүүхдийн спортын 1-5 дугаар наадамд амжилттай оролцож эхний гурван байрт тогтмол шалгарч иржээ. Түүнчлэн анхан шатны тэмцээнийг зохион байгуулсан анхан шатны хороодоос Дархан-Уул аймгийн хороо тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн аж Анхан шатны тэмцээнүүдийг аймаг бүртээ зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан. Улс орон даяар өнгөрсөн 4 дүгээр сард эхэлсэн анхан шатны шалгаруулалтаас шилдгээр тодорсон баг, тамирчид их наадамд оролцон байна.

Наадмын зорилго нь "Азийн хүүхдүүд-2020" олон улсын хүүхдийн спортын VI дугаар их наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой аж. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубээс давхардсан тоогоор 5949 өсвөрийн тамирчин, 498 багш дасгалжуулагч оролцжээ.




Холбоотой мэдээ