Шигшүүрээр ангилан ялгасан нүүрсийг 75 мянган төгрөгөөр борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-19 13:50:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийг нүүрсээр хангадаг "Хотгор" компани наймдугаар сараас уурхай дээр нэг тонн бүхэл нүүрсний үнийг таван мянган төгрөгөөр нэмж 39800, шигшүүрээр ангилан ялгасан нүүрсний үнийг 3500 төгрөгөөр нэмж 36300 төгрөгөөр тус тус борлуулж эхэлсэн юм.

Үүнээс үүдэн тус аймагт нүүрсний үнэ нэмэгдэж иргэдийн гарт очих нэг тонн нүүрс 100 мянган төгрөгт хүрч байна.

Нүүрсний үнэ өссөнтэй холбогдуулан өчигдөр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай болон Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтнууд "Хотгор" компанийн удирдлага, нүүрс тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар талууд өнөөдрөөс нэг тонн шигшүүрээр ангилан ялгасан нүүрсийг зах зээлд 75 мянган төгрөгөөр баталгаажуулсан жингээр борлуулахаар тохиролцлоо. 

Холбоотой мэдээ