Эмэгтэйчүүдийн дипломат клубийн "Сайн санааны үйлс" өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-19 11:42:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн  газруудтай хамтран  уламжлалт “Сайн санааны үйлс “ өдөрлөгийг энэ сарын 14-нд зохион байгууллаа.


Өдөрлөгийн нээлтийн үеэр Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий хатагтай Каур Гурмит нар үг хэлж Эмэгтэйчүүдийн дипломат клубын 20 гаруй жилийн үйл ажиллагаа, ач холбогдлыг дүгнэн тэмдэглэж, сайн санааны үйлсийг улам дэлгэрүүлэхийг уриалсан юм.


Энэ үеэр үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг, Казахстан, ОХУ, Энэтхэг Улсын хүүхэд залуучуудын урлагийн тоглолт болж, Вьетнам, Казахстан, Лаос, ОХУ,  БНХАУ, Энэтхэг, Япон болон Европын Холбооны ЭСЯ-дууд өөрийн орны соёл урлаг, зан заншлаа танилцууллаа.  


Эмэгтэйчүүдийн дипломат клубийн сайн санааны үйлсийг дэмжиж, Гоёл кашмер ХХК, Инару ХХК, Силк роуд мэжик, АВС эко, Санширо, Эмэгтэй энтерпренерүүдийн хоршоо зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож, малын гаралтай түүхий эд  ашиглан органик гоо сайхны бүтээгдэхүүн, гар урлал, арьс шир, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчлав.


Холбоотой мэдээ