Нэгдүгээр цэцэрлэгийн 2 бүлгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-09-17 14:48:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны 4 хүүхэд энэ сарын 13-15-нд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштой хэвтэн эмчлүүлж байна.

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх ажлыг ХӨСҮТ, НЭМГ-тай хамтран зохион байгуулж, хяналт шалгалт явууллаа.
Шалгалтын явцад хичээлийн I дүгээр байр нь энэ сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-аас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг хангалтгүй /дутуу/, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрддөггүй зэрэг зөрчил илэрлээ.
Мөн цэцэрлэгийн 2 гал тогоонд хэрэглэж буй ундны уснаас 2 дээж, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс нийт 20 ширхэг арчдас, хүнсний бүтээгдэхүүнээс 12 ширхэг сорьц, энэ сарын 13-ны өдрийн хоолны 8 дээж зэргийг авч НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд хамруулав. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.
Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан 2 бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дах заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ