Цээл сумын ерөнхий боловсролын дунд сургууль Ц.Дашдоржийн нэрэмжит болов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-18 22:06:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цээл сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн агсан Цэдэвийн Дашдоржийн нэрэмжит болгов.

Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийг түүний нэрэмжит болгон зарлах ёслолын ажиллагаанд тус сумын ИТХ-ын дарга Х.Лхагва-Очир, Засаг дарга Г.Цанжид болон Ц.Дашдорж сайдын үүсгэн байгуулж, тэргүүлж ирсэн “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын Тэргүүн Ц.Баянмөнх зэрэг албаны хүмүүс, сургуулийн хамт олон, суралцагч, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. 

Ёслолын ажиллагааны үер “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын зүгээс нэрэмжит сургуульд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ц.Дашдорж нь тус сумын уугуул бөгөөд олон түмнийхээ итгэлийг хүлээж гурван удаа Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсоны зэрэгцээ Засгийн газрын гишүүн, сайдаар мөн гурван удаа үүрэг хүлээн томилогдож байжээ.

Ийнхүү Говь-Алтай аймагт хоёр сургууль Ц.Дашдоржийн нэрэмжит болж түүний хөдөлмөрч үйлсийн бахархал, үргэлжлэлийг шинэ үеийнхэнд түгээх боллоо.

Холбоотой мэдээ