Эрүүл мэндийн салбарт хийж буй бүтээн байгуулалтын ажлаас танилцуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-17 10:34:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарт хийж буй бүтээн байгуулалтын ажлуудаас олон нийтэд танилцуулав.

Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт царцаагдсан, зогссон барилга нэг ч үгүй болсон. Хөдөлж байгаа хурд нь янз янз байгаа ч бүгд хөдөлсөн гэдгийг хэлье. Энэхүү нээлттэй өдөрлөгт бид таван макет тавьснаас АШУҮИС-ийн Монгол Японы хамтарсан эмнэлэг, Үндэсний оношилгоо эмчилгээний төв ашиглалтад орсон. Одоо 2019 онд хоёр том эмнэлэг ашиглалтад орно. Тухайлбал, 2010 оноос хойш барьж буй  300 ортой төрөх эмнэлэг, 160 ортой төрөх эмнэлэг, 140 ортой хүүхдийн эмнэлгийн гүйцэтгэл 90 хувьтай бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулна. Мөн Түлэнхийн төв 12 дугаар сард ашиглалтад орно. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор бид арьсны донортой болно. Олон улсын түвшинд хийдэг эмчилгээ, арьсны мэс заслыг хийх боломжтой болно. Монгол Улсад анх удаа жишиг эмнэлэг СХД-т сүндэрлэнэ. Уг эмнэлэг нь 200 ортой бөгөөд гурав дахь шатны тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн тусламж, төрөх, мэс засал гээд бүгдийг үзүүлнэ. Ирэх оны улсын төсөвт 4 том бүтээн байгуулалтын төсвийг суулгахаар ажиллаж байна. Нэг нь 120 ортой сүрьеэгийн эмнэлэг, нөгөө нь Зүрхний төв, Хавдрын томоохон хэмжээний үндэсний төв барих, мөн эрхтэн суулгуулах мэс заслын төв байх юм. Мэдээж өндөр өртөгтэй учраас улсын төсөв, концесс, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулж байгуулахаар бид төлөвлөж ажиллаж байна” гэв.

Цаашид яам, агентлагууд хуваарийн дагуу ажлаа тайлагнаж иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлэх юм. Тухайлбал ЭМЯ энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд 10-16 цагт иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.


Холбоотой мэдээ