Т.Ануарбек: Аймгийн ЦШСГ болон түүний ТУЗ-д цахилгааны үнэ тарифыг тогтоох эрх байхгүй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-12 23:02:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цахилгааны үнэ сүүлийн саруудад хэд хэдэн удаа нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газрын Борлуулалтын албаны дарга Т.Ануарбекээс дараах тодруулгыг авлаа.


- Сүүлийн саруудад цахилгаан, эрчим хүчний үнэ нэмэгдсэнийг иргэд хүчтэй шүүмжилж, олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлээд байна. Үнэ тарифыг нэмсэн шалтгааны талаар тайлбар өгөхгүй юу?

- Цахилгааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог. Тус хорооны 2019 оны 100, 101, 102 тогтоолуудаар цахилгаан, эрчим хүчний үнэ тавдугаар сарын 1-нээс есөн төгрөгөөр, зургадугаар сарын 1-нээс долоо, долоон сарын 1-нээс найм, нийтдээ 24 төгрөгөөр нэмэгдсэн. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1 кВт/цаг цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 211 төгрөг байгаа. Харин үүнийг айл өрхүүдэд 134.95 төгрөгөөр борлуулж байна. Цаана байгаа зөрүү 76 төгрөгийг Засгийн газар улсын төсвөөс татаац хэлбэрээр нөхөж өгдөг. Зах зээлийн нийгэмд бүх бараа бүтээгдэхүүн өөрийн өртгөөр борлогдож байгаа тул 10-20 жилийн дараа цахилгаан эрчим хүчийг ч өөрийн өртгөөр борлуулах цаг ирэхийг үгүйсгэхгүй.

- Манай аймгийн жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэд байдаг вэ?

- Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ бусад аймагтай харьцуулахад жил бүр хурдацтай буюу 7-8 хувиар нэмэгдээд байгаа. Хэрэглэгчийн хувьд давхардсан тоогоор 18199 айл өрх, 1100 орон сууц, 1597 аж ахуйн нэгж байгууллага, хоёр уул уурхайн үйлдвэр байна.  Аймгийн хэмжээнд жилд ойролцоогоор 50 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч худалдан авдаг.

- Иргэд цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг дээр ямар ямар төлбөр, хураамж нэмж төлдөг вэ?

- Улсын хэмжээнд айл өрхүүдийн цахилгааны төлбөрт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж кВт/цаг тутамд 11.88 төгрөг нэмэгддэг. Тухайн тариф нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төрийн бодлоготой холбоотой бөгөөд ЭХЗХ-ноос тогтоодог. Сүүлийн гурван жилд энэ тариф нэмэгдээгүй хэвээрээ байгаа. Түүнээс гадна Засгийн газрын шийдвэрийн дагуу МҮОНРТ-ийн хураамж 850 төгрөгийг нэмж төлнө. Тухайн төлбөрийг хөдөө нарны гэрэл хэрэглэж байгаа малчин өрх хүртэл өгөх ёстой юм байна. Мөн холбогдох хуулийн дагуу 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгддэг.

- Суурь хураамжид хэдэн төгрөг төлж байна?

- Сарын суурь хураамж гэж айл өрх бүрээс хоёр мянган төгрөг аваад байгаа. Үүнийг бас ЭХЗХ-ноос баталсан эрх зүйн актын хүрээнд төлдөг. Тухайн хураамж нь хэрэглэгчид хүссэн цагт нь эрчим хүч хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн тулд авдаг төлбөр юм.    

- Айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг хэрхэн тооцож байна?

- Жишээлбэл, манай аймгийн төвд долоон мянга гаруй айл өрх байдаг. Тэдний цахилгааны заалтыг өмнө нь тоолуур унших гар удирдлагын машинаар авч, компьютерт уншуулан хэрэглээг тооцдог байсан. Хүний оролцоо бараг байхгүй л дээ. Харин энэ жилээс Өлгий хотын гурван мянга гаруй айл өрх ухаалаг тоолуурын системд шилжсэн байгаа. Ухаалаг тоолуураар тухайн айлын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний мэдээллийг сервер рүү шууд татаад авчихдаг. Мөн заалтыг ямар ч цаг үед харах, шалгах, тооцоо хийх, хэрэглэгч хэрэглээгээ онлайнаар хянах зэрэг олон давуу талтай болсон.  Түүнээс гадна ухаалаг тоолууртай айл өрхүүд шөнийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн байгаа.

- Зарим иргэд, бид зунжингаа хөдөө явсан. Цахилгаан эрчим хүч хэрэглээгүй мөртлөө төлбөр их гараад байна гэж байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

- Ийм гомдолтой хүмүүс маш их ирдэг. Тэдэнд учир байдлыг тайлбарласны дараа ихэнх нь зөв ойлголт аваад буцаж байна. Ард иргэд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг дараа сард төлдөг. Мөн манай байгууллага төлбөр тооцоогоо дөрвөн үе шатад хуваагаад хийдэг. Энэ мэт хүчин зүйлсээс шалтгаалж ойлголтын зөрүү гараад байгаа болохоос цахилгаан хэрэглээгүй үед төлбөр гарах боломжгүй юм.

- Иргэд цахилгааны үнийн өсөлттэй холбоотой танай байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд хандана гэж байна. ТУЗ үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй юу?

- Аймгийн ЦШСГ-ын удирдлага болон түүний ТУЗ-д цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тогтоох эрх байхгүй. Үнэ тарифыг улсын хэмжээнд зөвхөн ЭХЗХ-ноос тогтоодог.   

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ