Үзэсгэлэн худалдаагаар 200,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-09 14:06:04

Хэнтий /МОНЦАМЭ/ "Хэнтий намрын баяр" үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжилж, 200,0 орчим сая төгрөгийн борлуулалтыг баялаг бүтээгчид хийжээ.

Энэ жил 18 сум, таван тосгоны 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцсон аж. Аймаг орон нутагтаа үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүнүүд болон дотоодын хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаалахөндөр ашиг шимт малыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Хэнтий намрын баяр" үйл ажиллагааг 13 дахь жилдээ зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр ЦэнхэрмандалДархан сумынхан “Сум сурталчлах өдөрлөг” зохион байгуулж, өөрсдийн сумдын онцлогийг танилцуулан, иргэдэд айраг цагаа, идээ шүүсээр үйлчилж, урлагийн тоглолт үзүүллээ.

Энэ үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшсэний үр дүнд өнгөрсөн жил 10 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн бол энэ удаад Хэрлэн суманд витаминжуулсан цай, артишок, зөгийн бал, Бор-Өндөр суманд гоо сайхны бүтээгдэхүүн, Цэнхэрмандал суманд цэвэр чацарганы шүүс, айраг, Дадал суманд Гишүүний хатаамал зэрэг бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна.

Мөн Дэлгэрхаан сумын монгол хунчир сав баглаа боодлоо шинэчилж, Биндэр сумын Сараана брэнд нэр төрлөө олшруулж, зөгийн балаар гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Харин Батноров сум сүү цагаан идээний багц бүтээгдэхүүн гаргасан байна. Мөрөн суманд Герман зөвлөхтэй хамтран Европ технологиор ямааны сүүгээр бяслаг хийсэн нь онцлог байлаа.


Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжигч шилдэг сумаар Дархан шалгарлаа


 "Хэнтий Намрын баяр" нэгдсэн үйл ажиллагаанд зохион байгуулалт сайтай, бүтээгдэхүүний нөөцтэй олон үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг оролцуулсан шилдэг сумдыг шалгаруулсан юм. Тэргүүн байрт Дархан сум, удаах байруудад Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сум шалгарчээ. Дархан сумын тухайд энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд баялаг бүтээгч, үйлдвэрлэгч 14 хүн оролцож, нийтдээ 14 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн энэ үеэр  Шинэ ургац“Нэг суурин-нэг бахархал“Эрүүл хүнс“Шилмэл мал“Шилдэг сум төрлүүдээр ангилж шилдгүүдийг шалгаруулав.  Үүнд

 

Шинэ ургац-2019” шалгаруулалтаар: 

Дэлгэрхаан сумын ногоочин К.Амерхаан. Тэрбээр Дэлгэрхаан суманд гурван жил дараалан тарвас болон төмс, хүнсний ногоо тариалж буй. Хэнтий аймагт тарвас нутагшуулан тариалалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. Энэ онд 55 тн тарвас хураан авч энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 11 тн тарвас борлуулсан амжилт гаргажээ.

Хэрлэн сумын ногоочин Д.Осоржамаа. Төмс, хүнсний ногоог тасралтгүй 20 гаруй жил эрхлэн тариалалтын хэмжээг нэмэгдүүлж, ургамлын нэр төрлийг олшруулан хүлэмжийн аж ахуй, зөгийн аж ахуй эрхлэн 20 бүл зөгий үржүүлж байна. Үүнээсээ бал авахаас гадна таримал ургамлын тоос хүртээх ажил хийж байгаа юм.

Өмнөдэлгэр сумын ногоочин Б.Бат-Өлзий. Сүүлийн жилүүдэд 6-7 га-д 13 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалснаас гадна өөрийн тариалангийн талбайн сэлгээнд зориулан хоёр төрлийн таримлыг ногоон тэжээлд тариалан хөрснийхөө үржил шимийг хамгаалж байна.

Боловсруулсан жимс, жимсгэний төрөлд: Биндэр сумын ногоочин Э.Цэдэв

Даршилсан ногооны төрөлд: Баянмөнх сумын "Эрэгний хишиг" ногоочдын бүлэг тус тус шалгарав.


"Нэг суурин-нэг бахархал" шалгаруулалтаар:

Цэнхэрмандал сумын жимс жимсгэнэ тариалагч С.Нандинцэцэг. Тэрбээр 2011 онд 1 га талбайд 1250 ш чацаргана зээлээр авч тариалан энэ онд таван тн жимс хураан авч энэ үзэсгэлэн худалдаанд 200 кг чацаргана, 125 литр цэвэр шүүс худалдан борлуулжээ.

Мөрөн сумын үйлдвэрлэгч Ж.Сэржмядаг. Тэрбээр герман эрдэмтэдтэй хамтран ямааны сүүгээр камамбер, моцарелла, гоуда зэрэг төрөл бүрийн бяслаг үйлдвэрлэснээс гадна сүү, цагаан идээгээ боловсруулан сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцож байна. Түүнчлэн аймагтаа анх удаа олон төрлийн бяслаг үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой юм.

Бор-Өндөр сумын үйлдвэрлэгч Б.Баяржавхлан. Тэрбээр 2018 оноос эхлэн зургаан нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 300 гаруй бүтээгдэхүүнтэй ирж 100 гаруй ширхэгийг борлуулсан байна.

Шилдэг бүтээгдэхүүн төрөлд: Дадал сумын үйлдвэрлэгч "Уужим тал" хоршооны "Борцтой будаатай шөл", Дадал сумын үйлдвэрлэгч Б.Байгалмаагийн Гишүүний хатаамал тус тус шалгарав.


"Эрүүл хүнс-2019" шалгаруулалтаар:

Батноров сумын С.Дуламсүрэнгийн үйлдвэрлэсэн цагаан идээ Сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд шалгарлаа. Энэ удаад 200 гаруй литр сүү цагаан идээ борлуулж оролцсон байна. Тэрбээр цагаан идээний "Норовын ундарга" нэртэй багц бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаанд гаргажээ.

Жаргалтхаан сумын Б.Пүрэвжавын үйлдвэрлэсэн гурил гурилан бүтээгдэхүүн,

Дархан сумын үйлдвэрлэгч Ц.Болорцэцэгийн боловсруулсан цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд шилдгээр шалгарлаа.


"Шилмэл мал-2019" шалгаруулалтаар:

Сүүний чиглэлийн үхэр

1. Хэрлэн сумын малчин М.Баярмагнайгийн Монбиллард үүлдрийн улаан алаг Бух /амьдын жин 580кг/
2. Мөрөн сумын малчин Ж.Пүрэвцогзолын хүрэн алаг үнээ /амьдын жин 381кг, сүүний гарц 10л/

Махны чиглэлийн үхэр
1. Батноров сумын малчин Г.Цэрэнноровын Талын улаан үүлдрийн улаа халзан бух /амьдын жин 658кг/
2. Дархан сумын малчин Б.Гончигсүрэнгийн Алатау үүлдрийн халиун үнээ /амьдын жин 471кг/

Мах-ноосны чиглэлийн хонь
1. Баянхутаг сумын малчин Ууганбаярын бор халзан хуц /амьдын жин 93,2кг/
2. Норовлин сумын малчин Б.Мөнхтулгын хар алаг эм хонь /амьдын жин 75,8кг/

Нутгийн Монгол хонь
1. Баян-Овоо сумын малчин Ф.Батсайханы улаан хүзүүт хуц /амьдын жин 90,2кг/
2. Өмнөдэлгэр сумын малчин С.Гантогоогийн шар халзан эм хонь /амьдын жин 75,2кг/

Ноолуурын чиглэлийн ямаа
1. Өмнөдэлгэр сумын малчин Г.Нарангэрэлийн Баяндэлгэр үүлдрийн хүрэн ухна
2. Галшар сумын малчин З.Батбаярын Галшарын улаан омогийн улаан эм ямаа

Хамгийн их амьдын жинтэй хээлтүүлэгч
1. Биндэр сумын малчин Ц.Баатарсүхийн Монбиллард үүлдрийн улаан алаг бух /амьдын жин 667кг/
2. Жаргалтхаан сумын малчин Д.Дарханбаатарын хар хүзүүт хуц /амьдын жин 92,4кг/
3. Биндэр сумын "Үржлийн шилмэл сүрэг" хоршооны хүрэн ухна /амьдын жин 87,6кг/ шилдгээр тус тус шалгарсан юм.

Холбоотой мэдээ