Хүний эрхийг хамгаалах эрх зүйн талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-04 17:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүн бүр хүний эрхийг хамгаалагч байх эрхзүйн баталгааг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр ГХЯ-нд боллоо.

ГХЯ, ХЭҮК, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын “Эмнести интернэшнл” байгууллагаас зохион байгуулсан уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Н.Оюундарь, ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар оролцон үг хэлсэн юм.

Уулзалтад манай улсад ирээд буй НҮБ-ын Хүний эрхийн Тусгай илтгэгч Мишел Форст урилгаар оролцож, "Хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх, хамгаалах нь" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр манай улсад 3 дахь удаагаа ирж байгаа бөгөөд энэ удаа хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийгээд урьдчилсан дүгнэлтийг танилцуулах юм. 



Уулзалтад мөн “Хүний эрх, хөгжлийн төв”, “Хил хязгааргүй алхам” ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, манай улс дахь хүний эрхийг хамгаалах эрхзүйн байдлын талаар ярилцлаа. Уулзалтад оролцогчид Монголд хүний эрхийг хамгаалах хууль хэрэгтэй байгааг онцолж байв.

Ингэхдээ Хүний эрхийн гэрээний дагуу аливаа улс орны төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдгийг тодотгож байв. Үүнд хүн бүр, ганцаараа буюу бусадтай хамтарч, хүний эрхийг хамгаалах болон биелүүлэхийн төлөө зүтгэх эрхийг баталгаажуулах явдал ордог гэдгийг тэмдэглэж байв. Өөрөөр хэлбэл, бидний хэнд ч, хүний бүх эрхийг хамгаалах эрх байдаг гэсэн үг юм. Энэ эрх өнөөдөр Монгол Улсад бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байна уу гэдэгт уулзалтад оролцогчид хариу нэхэн, нөхцөл байдлыг хэлэлцсэн юм.


Уулзалт дээр  Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйг тус Ажлын хэсгийн гишүүн, доктор Д.Сүнжид мэдээлж, хуулийн төслийг оролцогчдод тараан санал авах хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хүний эрхийг хамгааллын талаарх зөвлөлдөх уулзалт маргааш үргэлжилнэ.

Б.Болд

Холбоотой мэдээ