Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2022 он хүртэл нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-04 13:23:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “2019-2022 онд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.

Өвөрхангай аймагт эрүүл мэндийн 113 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээрт нийт 1439 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 258 нь их эмч, 328 нь сувилагч, 299 нь эмнэлгийн мэргэжилтэн юм. Энэ нь улс, аймгийн дунджаас бага тоо бөгөөд ажиллаж, амьдрах орчин нөхцөл муу, унаа дутагдалтай зэргээс шалтгаалан хөдөөгийн багийн эмчийн тоо жилээс жилд буурч байгаа аж. Мөн анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дотрын эмч, БОЭТ-д яаралтай тусламж, уушги, сүрьеэ зэрэг 10-аад нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутагдалтай байна.

“Улсын төв болон тусгай, хувийн хэвшлийн эмнэлгүүд өндөр цалин, урамшууллыг зарлаж, туршлагатай, мэдлэг, ур чадвартай  их эмч, сувилагчдыг ажлын байраар хангаж байгаа нь хөдөө орон нутагт эмч, сувилагчдын хүрэлцээ, хангамж муудах нөхцөл болж байгаа. Мөн эмч, сувилагчид ажлаас чөлөө авч, Солонгос улс руу амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор явах нь ихэсч байна” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв хэлж байв.

Дээрх хөтөлбөрийг баталснаар

- Мэргэшсэн хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх

-Эмч, мэргэжилтний мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, мэргэшүүлэх

-Ёс зүй, хүн чанарыг эрхэмлэсэн хүний нөөцийг төлөвшүүлэх

-Нийгмийн баталгааг хангах орон нутгийн урамшууллын багцыг бий болгох боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Аймгийн ИТХ-аас 2013 онд “Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2013-2017 онд хөгжүүлэх бодлого”-ыг баталж байсан ба хэрэгжилтийн үр дүнд их эмчийн тоо  258, сувилагчийн тоо 328-д хүрчээ.

Холбоотой мэдээ