"Улаан мөчир" гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-30 19:05:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Улаан мөчир” чуулгын гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Улсын филармонийн байранд нээлээ.


Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулж Улаан мөчир чуулгын түүхэн үе, Дундад улсын урлаг соёлыг малчин, тариачдад сурталчилж ирсэн зэрэг олон талт үйл ажиллагааг харуулахыг зорьсон байна. БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой, Дундад улс Монгол Улстай гадаад харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн ой мөн энэ жил тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын харьяа Соёл урлагийн газрын урилгаар энэхүү түүхт ойн хүрээнд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Утга урлагийн холбооны төлөөлөл Монгол Улсын нийслэлд дээрх гэрэл зургийн үзэсгэлэн болон соёл урлагийн хамтын ажиллагааны хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулж байна.


1957 онд Дундад улсад анх "Улаан мөчир" чуулга Шилийн гол аймгийн баруун хошуунд байгуулагджээ. Одоогоор тус чуулга өргөжин 75 салбарын 3000 гаруй гишүүнтэй болсон байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас ирсэн уран бүтээлчид урлагийн тоглолтоосоо сонирхууллаа. 


Холбоотой мэдээ