Улс төрийн нам улсын хэмжээнд ажиллах саналыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-29 18:36:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хурааснаар үргэлжлэв.


Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, хэлэлцэж буй төсөл дэх байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улстөрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, "Намууд, намын бүлэг, зөвлөлөөр зөвшилцөж, санал нэгдсэн асуудлаа эхэнд нь оруулж, шуурхай хэлэлцээд явах нь зүйтэй" хэмээн горимын саналынхаа үеэр онцолсон.


УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын чуулганы хуралдааны чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд  УИХ-ын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана хэмээн заасныг танилцуулаад, Х.Нямбаатар гишүүний саналыг санал хурааж шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгөв. Энэ дагуу горимын саналыг хүлээн авах эсэх асуудлаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжсэн юм.


Ингээд үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлээд байсан төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж өөрчлөн найруулах Ажлын багаас гаргасан саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь дэмжлээ. Үдээс өмнөх хуралдаанаар, УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжээгүй юм. УИХ-ын дарга Г.Занданшатар, үдээс өмнөх хуралдаанаар гишүүдийн илэрхийлсэн байр суурийн дагуу "нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэснийг "нам улсын хэмжээнд бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулна" хэмээн Байнгын хорооны хуралдаанаар өөрчлөх боломжтойг онцлов. 


Дараа нь намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураав. Өргөн мэдүүлсэн төслийн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” хэмээн өөрчлөн найруулах санал олонхын дэмжлэг авлаа.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гаргасан төслийн дээрх заалтад “Намын зохион байгуулалт нь хатуу гишүүнчлэлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчид дээр суурилж, иргэдэд шударга, тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилж үйл ажиллагаа явуулна.”гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.


УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд “УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэг авсангүй. Харин энэхүү саналыг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор УИХ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана.” хэмээн өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг мөн авлаа.


Чуулганы өнөөдрийн хуралдаан 19.20 цагт өндөрлөсөн бөгөөд маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлнэ. 

Холбоотой мэдээ