Дэлхийн өвийн шинжээч манай улсад ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-29 16:01:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг өргөн барьсны дагуу Дэлхийн өвийн хорооны Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши  Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээ хийжээ. Шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцжээ. Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутаг дахь Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажилласан байна. Дээрх аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, дурсгал бүхий сумдын багийн Засаг дарга нар болон ойр орчимд нь оршин суугаа ард иргэдтэй уулзаж, дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар санал солилцож, мэдээлэл цуглуулжээ.

Шинжээч Тошио Хаяаши техникийн үнэлгээний тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлж, 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхий өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх юм.

Холбоотой мэдээ