Нүдний болор солих мэс засалд орох шаардлагатай иргэдийг сонгох үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-28 17:52:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Улаанзагалмай хороо /УЗХ/, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улиастай хотын УЗХ-той хамтран ажиллах санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын нүдний эмч нарын мэргэжлийн баг Сүхбаатар аймагт ирж, нүдний болор солих үнэ төлбөргүй мэс засалд хамрагдах иргэдийг сонгох урьдчилсан үзлэгийг хийж  байна.

Монгол Улс,  БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, МУЗН-ийн 80 жилийн ойн хүрээнд хоёр орны УЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, “Бүс ба зам- гэрэлт аялал” төслийн  хүрээнд Монгол Улсын 500 иргэнд нүдний болор солих мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр тохиролцсон. Уг ажлыг МУЗН-ээс бүсчилж зохион байгуулж буй бөгөөд одоогоор 200 гаруй иргэн хагалгаанд ороод байгаа аж.

Уг төсөл хэдийгээр Монгол Улсын зүүн бүсэд хэрэгжсэн ч бид хамтын ажиллагааны хүрээнд аймагтаа дангаар нь төслийг хэрэгжүүлж байгаа юм.  Хүмүүнлэгийн шугамаар олон хүнийг үнэ төлбөргүй мэс засалд хамруулахыг зорин ажиллаж байна. Урьдчилсан үзлэгт хамрагдахаар 300 гаруй хүн бүртгүүлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны УЗХ, эмнэлгийн хорооны зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг шахуу хуваариар ажиллаж байна. Гурван өдрийн үзлэгт 200 орчим хүн хамрагдаж, 30 гаруй хүн хагалгаанд орохоор сонгогдсон. Үзлэг бүрэн хийж дууссаны дараа ирэх сарын 15-ны дотор хагалгааг Улиастай хотын эмнэлэгт хийнэ. Хагалгааг Зүүн үзэмчин хошууны нүдний эмнэлгийн тусгай хорооны нүүдлийн мэс заслын баг хамт олон хийнэ. Хагалгаанд орох иргэдийн хувьд зөвхөн ирж, очих зардлаа өөрсдөө хариуцна. Улиастай хотод очоод байрлах байр, хоол, мэс засал гээд бүгд үнэ төлбөргүй гэж Сүхбаатар аймгийн УЗХ-ны дарга Т.Содномцэрэн ярилаа.


Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Улиастай хотын УЗ-н дарга Цог Сайн хэлэхдээ, Бид хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг хүмүүнлэгийн салбартаа хийсэн. Энэ удаагийн ажлыг Сүхбаатар аймгийн хувьд анх удаа хийж байгаагаараа онцлог. Сүхбаатар аймгийн иргэд ч маш сайн хамрагдаж байна. Үзлэгийг нас харгалзахгүй хийж байгаа, нүдний үзлэг оношилгооноос гадна цусны даралт, сахар хэмжих, зүрхний бичлэг хийх үйлчилгээг давхар үзүүлж байна гэв.

Тэд цаашид хамтын ажиллгааны хүрээнд эмч нарын баг дахин ирж нүдний хол, ойрын хараа тогтоож, шил тохируулах, нүдний гажиг засах мэс заслыг үнэ төлбөргүй хийх талаар ярилцаж байгаа гэнэ.

 

Холбоотой мэдээ