Нийтийн зам, талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-21 13:53:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлд нийтийн эзэмшлийн болон иргэд, оршин суугчдын зорчих хэсгийг хааж, хашин барьсан хашаа, байгууламжийг чөлөөлж зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулж байна.

Эдгээрээс дурдвал, Сүхбаатар дүүргийн I хороо, Авто замчдын гудамжинд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хашаалж явган хүний зам талбайг хааж барьсан иргэн Г.Энхтүвшиний хашааг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Мөн дээрх байршилд "Ай Ти интернэшнл" ХХК зөвшөөрсөн хэмжээнээс илүү талбай буюу нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаагаад байсныг буулгажээ. Энд 24 м урт хашааг албадан буулгаж явган хүн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээд байна.




Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт байрлах "Тусгал" бүрэн дунд сургуулийн хашааг чөлөөлж явган зам барих нөхцөлийг бүрдүүллээ. Баянзүрх дүүргийн Х хороо, Гачууртад байрлах "Геомандал стар" ХХК зөвшөөрсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөд байна.


Газрын зөрчлийг арилгаж чөлөөлөх ажил өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт үргэлжилж байна. Энд мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 16 гараашийг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж. байна.

Б.Болд

Холбоотой мэдээ