Хөдөөгийн малчин эмэгтэй баян хуур тоглож олныг баясгасаар байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-20 18:06:43

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын хоёрдугаар багийн малчин Донойн Алтан баян хуур хөгжмөөр чадварлаг тоглодог, жирийн нэгэн малчин эмэгтэй юм.

Тэрбээр нөхөр Ч.Дамдины хамтаар Тэс суманд мал маллаж амьдардаг бөгөөд таван хүүхдийн хоёр нь тусдаа гарч айл гэр болжээ. Өдгөө 50 настай тэрбээр анх дөрвөн настайдаа баян хуур хөгжим тоглож сурсан аж. Эхний үед хөгжмийн цаанаас дух, нүд нь л харагддаг төдийгүй хөгжмөө дааж дийлэхгүй болохоороо ширээн дээр тавьчихаад тоглодог байжээ. Баян хуур хөгжим тоглож сурахыг хүсч, дурлаж байсан болохоор шантралгүй зүтгэсээр тоглож сурсан байна.

Тэрбээр Монгол Улсын гавъяат багш, алдарт баян хуурч Ж.Найдангийн гарын шавь нарын нэг бөгөөд Тэс сумын 10 жилийн сургуулийг 1980-аад оны эхээр төгссөн. Арван жилийн сургуульд байхдаа багшийнхаа удирддаг найрал хөгжмийн дугуйланд суралцаж, элдэв төрлийн концерт, урлагийн тоглолтуудад оролцдог байжээ.

Мөн тухайн үедээ Увс аймагтаа хил залгаа оршдог Тува улсын нийслэл Кызыл хотод дугуйлангийнхаа сурагчид, багшийн хамтаар очиж тоглож байсан түүхтэй. Тэрбээр 10 дугаар ангиа төгсөөд хүнтэй сууж, айл гэр болсны  дараа жил Хөгжим бүжгийн дунд сургуулийн нэг хуваарь Тэс суманд ирсэн гэдэг. Гэвч нэгэнт айл гэрийн эзэгтэй болсон тул сургуульд явж чадаагүй байна.

Баян хуурч Д.Алтан Тэс сумаас төрөн гарсан, “Зүүдэн бороо”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг дууны эзэн, алдарт Хөгжмийн зохиолч С.Магсаржавтай төрсөн ах дүү хоёрын хүүхэд. Хэрэв тухайн үед хөгжмөөр явсан бол адаглаад л дуу хөгжмийн багш болох байсан хэмээн тэрбээр дурсан ярьсан юм.

Бага байхдаа Монголын радиогоор цангинадаг "Хүсэлтийн хариу"-г ганцхан удаа сонсоод л тэр өдөртөө дууг нь сурч, хөгжимддөг чадварыг эзэмшжээ. Өдгөө тэрбээр гэртээ ирсэн хол, ойрын зочин гийчдэд баян хуур хөгжмөө тоглож сюрприз үзүүлдэг байна. Ирсэн гийчэд ч түүний чадварлаг тоглохыг хараад сэтгэл нь баясдаг гэсэн. Бас тэдний багийнхан, ах дүү нар нь найр наадам хийх бүртээ түүнийг дуудаж баян хуур хөгжим тоглуулан баярлаж цэнгэдэг аж.

Монгол Улсын Хүний гавъяат эмч Бадарчийн ууган хүү, 10 жилийн ангийн анд Б.Бат-Эрдэнэ нь одоогоос хоёр жилийн өмнө цоо шинэхэн гармон хөгжмийг түүнд бэлэглэсэн байна. Тэрбээр шинэхэн гармон хөгжмөө хайрцаглаж аваад энд тэндхийн найр хурим, сумын төв дээр зохиогддог элдэв төрлийн арга хэмжээн дээр тоглож, олныг баясгасаар явна.

Түүний хөгжмийн авъяасыг хоёр хүүхэд нь өвлөжээ. Балчир ахуй цагаасаа тоглож өссөн баян хуур хөгжим нь хуучирч муудсан тул ахынхаа хүүхдэд дурсгал болгон өвлүүлсэн гэх.

“Ангийн анд нартаа маш их хайртай шүү. Та нарынхаа дурсгасан баян хуур хөгжимтэй хамт энэ насыг дуусгана” хэмээн баян хуурч Д.Алтан хуучилсан юм.  

Холбоотой мэдээ