Монгол эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-06 14:00:30

ОТТАВА. /Globalriskinsights/. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж, БНХАУ-ын эрэлт буурсантай холбоотойгоор уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монголын эдийн засаг уналтад ороод байна. Тиймээс тус улсын эдийн засгийг яаралтай төрөлжүүлэх шаардлагатай.

Түүхий эдийн ханш өндөр байх үед БНХАУ-тай хил залгаа Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай өсч байсан билээ. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларч эхэлснээр Монголын эдийн засаг 2016 оноос зогсонги байдалд орж эхэлсэн байна.

Монгол Улс санхүүгийн байдлаа бэхжүүлэхээр зорьж байна

Түүхий эдийн экспорт нь буурснаар Монголын олдог орлого буурч эхэлжээ. Гуравдугаар сарын 14-нд Монголын Засгийн газар Швейцарийн “Credit Suisse” банкнаас 250 сая долларын зээл авсан. Үүнээс гадна шаардлагатай хөрөнгийг босгохын тулд 500 сая долларын Засгийн газрын бонд гаргасан байна. Эдгээрийг хамтад нь авч үзвэл, шинэ бонд болон “Credit Suisse” банкнаас авсан зээл бол Монголын ДНБ-ний 6.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн сан босгох гэсэн тус улсын эрх баригчдын хүчин чармайлт юм.

Азийн Хөгжлийн банкны /АХБ/ урьдчилсан таамгаар, шинэ арван жилийн босгон дээр 17.5 хувьд хүрч байсан Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 0.1, 2017 онд 0.6 хувь болж буурах төлөвтэй байгаа учир дээрх мөнгө тус улсын хувьд амь тариа болж байна.

АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Аюми Кониши Монголд тулгараад байгаа нөхцөл байдлыг ингэж дүгнэжээ. Тэрбээр “төсвийн тогтвортой бодлого, эдийн засгийг төрөлжүүлэх арга хэмжээ авах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зэрэг нь Монголын эдийн засгийн менежментийн чухал асуудлууд юм. Сайшаалтай зүйл гэвэл, Монголын нийт төсвийн алдагдал 2014 онд ДНБ-ийх нь 11.4 хувьтай тэнцэж байсан бол 2015 онд 7.9 хувь болж буурсан. Гэхдээ энэ нь бас л хангалтгүй, цаашид нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн ярьж байна.

Уул уурхайн салбарт тулгамдсан асуудлууд

Монгол нь ашигт малтмалын нөөц баялаг ихтэй бөгөөд энэ нь тус улсын экспортын 94 хувийг бүрдүүлдэг. Түүхий эдийн ханш өндөр, БНХАУ-ын эдийн засаг хоёр оронтойгоор өсч байх үед энэ хэт хамаарлыг бууруулах боломжтой байсан боловч асуудлууд босч ирсэн. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж, улмаар гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Эдийн засгийн хүчин зүйлүүд олборлох салбарын өсөлтийг хязгаарлаж байгаа бол улс төр болон нийгмийн бужигнаан нь асуудлыг улам бүр дэвэргэн хурцатгаж байна.

Монголын парламентад хагарал гарснаар тус улсын Засгийн газар 2015 онд байгуулагдсан олон улсын консорциумын /Хятадын “Shenhua”, Японы “Сумитомо” корпораци/ бүтээн байгуулалтын төслийг зогсоосон. Гуравдугаар сарын 30-нд олон мянган хүн Улаанбаатар хотод жагсаал зохион байгуулж, баялгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцсэн байна. Сөрөг хүчний хууль тогтоогч Х.Баттулга уг жагсаалд оролцож үг хэлэхдээ “бидний баялгийг гадагш нь гаргаад байдаг. Гэтэл мөнгө нь хаана байна” гэж мэдэгджээ.

Монгол Улс уул уурхайгаас хэдэн тэрбум долларын орлого олж байгаа ч тус улсын хүн амын гуравны нэг нь ядуу зүдүү амьдарч байна. Монголын Ардчилсан нам болон Монгол Ардын намтай холбоотой нөлөө бүхий 20 гэр бүл Хонконгийн хөрөнгийн биржид данстай “Mongolian Mining Corp” компанийн хувьцааг эзэмших замаар их хэмжээний ашиг хүртдэг болохыг Х.Баттулга шүүмжилжээ.

Монгол эдийн засгаа төрөлжүүлэх зорилготой байгаа хэдий ч асуудал байна

Дэлхийн хэмжээнд түүхий эдийн ханш унаж, Монголын эдийн засаг уналтад орсон нь тус улс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэйг харуулж байна. Монгол Улс зээлийн баталгааны тогтолцоог сайжруулахын тулд АХБ-наас 60 сая долларын зээл авсан байна. “Энэ төсөл нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд арилжааны банкнаас санхүүжилт авахад туслах бөгөөд ингэснээр тус улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэм болох юм. АХБ-ны тусламжтайгаар Монголын Зээлийн баталгааны сан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн дэд төслийн зээлд 432 сая доллар олгоно" гэж тус банкны Монголыг хариуцсан захирал Роберт Шоэллхаммер мэдэгдэв.

Уг сан хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий ч Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд олон саад тотгор байсаар байна. Жишээ нь, 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болжээ. Уг хуулиар бол, бизнес эрхлэгчид НӨАТ-ын зардлынхаа 20 хувийг буцаан авах боломжтой бөгөөд ингэхийн тулд стандартчилсан бэлэн мөнгөний бүртгэлийн системээс баримт олгох ёстой. Монголын жижиг бизнес эрхлэгчид тэр болгон баримт өгч, авалцаад байдаггүй тул татварын буцаалт авах бараг боломжгүй.

Түүнчлэн Монголын ДНБ-ний 9 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар хөгжих боломжтой хэдий ч энэ салбарт тусламж хэрэгтэй байна. Монголд ирэх жуулчдын тоо 1997 онд 55 мянга байсан бол 2012 онд 476 мянга болж нэмэгдсэн. Тус улсын Засгийн газар 2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилго тавьсан нь гурван сая хүн амтай улсын хувьд том зорилт юм.

Хөрш ОХУ болон БНХАУ-ын эдийн засаг уналтад орсонтой холбоотойгоор Монгол ирэх жуулчдын тоо буурч байгааг тус улсын аялал жуулчлалын компаниуд мэдээлжээ. Нефтийн ханш унаж, хориг арга хэмжээнд өртсөн ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сулхан байгаагаас үүдэн аялах иргэдийн тоо буурчээ. Үүнээс гадна Монголын аялал жуулчлалын салбарт томоохон тулгамдсан асуудал бол тусгаарлагдмал байдал. Тус улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаас ердөө есхөн чиглэлд шууд нислэг хийдэг.

Мөн Монголд тулгамдсан асуудлуудад нэрмээс болж байгаа нэгэн хүчин зүйл бол хахир өвлийн байгалийн гамшиг болох “зуд” юм. 2015-2016 оны өвөл Монголд 1.2 сая толгой мал хорогдсон байна. Энэ онд зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд НҮБ тусламж үзүүлжээ.

Монголын ашигт малтмалын хэмжээг хүн амтай нь харьцуулбал иргэн бүр нь баян чинээлэг амьдрах боломжтой хэдий ч тус улсын тогтвортой хөгжил нь эдийн засаг болон янз бүрийн эрсдэлээс хамааралтай хэвээр байна гэж “Global riskin sights” цахим хуудасны редактор Жереми Люди бичжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ