“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Торгоны зам-2019” олон улсын автораллиг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг долоодугаар сарын 9-13-нд амжилттай зохион байгуулсан ажлын багийн гишүүдэд өнөөдөр талархал гардууллаа.
Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын багийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад баяр хүргэлээ.
Энэ үеэрээ Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан ажил зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцлов.
Долоодугаар сарын 6-16-нд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын газар нутгаар 5000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монголын 15 тамирчин оролцсон юм.