АНУ-Монголын харилцааг Хятадын нөлөөг сөрөх зорилготой гэж харж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-08 16:14:05

ВАШИНГТОН. /TASS/. "АНУ, Монголын Засгийн газар хоорондын харилцаа холбоо, ялангуяа батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт идэвхжиж байгаа нь Хятад улстай холбоотой юм. Гэсэн хэдий ч хоёр улсын эрх баригчдын харилцаа энэ салбарт гүн гүнзгий болно гэж найдах хэрэггүй” гэж үзэж байна.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, ОХУ дахь АНУ-ын Элчин сайд байсан Александр Вершбоу, Вашингтоны Брукингсийн хүрээлэнгийн гадаад бодлогын судалгааны хөтөлбөрийн захирал Майкл О'Хэнлон нар “ТАСС” агентлагт ярилцлага өгчээ.


Монгол, АНУ-ын өндөр дээд түвшний харилцаа холбоонд илүү том өөрчлөлт харагдах болов уу хэмээн асуухад, юуны түрүүнд үүнд онцын томоохон өөрчлөлт ажиглагдахгүй болов уу гэж үзэж байгаагаа Вершбоу хэлсэн байна. 


“Хүйтэн дайн дуусах үеэс АНУ Монгол улстай түншлэлээ хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Монгол улс АНУ-ын дэмжлэгтэйгээр НАТО-той хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа” хэмээн Вершбоу ярьжээ.


Өнгөрсөн 7 дугаар сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд яриа хэлэлцээ хийсэн юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол улсад айлчлаад байгаа билээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Чак Хейгел Монгол улсад хамгийн сүүлд 5 жилийн өмнө буюу 2014 оны 4 дүгээр сард айлчилж байжээ. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон өнгөрсөн 6 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод айлчилжээ.


Тухайн үед хоёр Солонгосын хилийг заагладаг цэрэггүй бүсэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзаж байсан Д.Трампын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ж.Болтоныг оруулахгүйн тулд түүнийг Монгол руу явуулсан гэдэг дээр Америкийн шинжээчид санал нэгтэй байсан аж. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад саад учруулж байна хэмээн Ж.Болтоныг БНАСАУ-ын эрх баригчид буруутгаж, нэг бус удаа шүүмжилж байсан юм.


Америк, Монголын харилцаа холбоог Хятадыг тогтоон барихад чиглэсэн АНУ-ын эрх баригчдын хүчин чармайлтын үүднээс харах хэрэгтэй болов уу хэмээн Вершбоу таамаглажээ.


“Энэ үгийг Зүүн Хойд Ази дахь Хятадын нөлөөг сөрөн зогсоход чиглэсэн хүчин чармайлт гэж үзэж болох юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.  


Зарчмын өөрчлөлтийн боломж


Америк, Монголын харилцаа ихээхэн идэвхжиж байгаа тал дээр О'Хэнлон санал нэгдэж байгаа хэдий ч хоёр улсын харилцаа батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт зарчмын хувьд шинэ түвшинд гарах боломжийг няцаажээ.  


“Аюулгүй байдлын салбарт АНУ Монгол улсад шинэ үүрэг амлалт өгөх юмуу тус салбарт талууд илүү гүн гүнзгий түвшинд гарна гэдгийг төсөөлөхөд бэрх юм. Харьцангуй хамгаалалт багатай Монгол Улсыг дэлхий нийтэд хүчээ зузаатгаж буй Хятадын далд санааг олж мэдэхэд тохирох газар гэж АНУ харж байж магадгүй юм. Энэ нь таамаглалуудын нэг хэдий ч АНУ, Монголын харилцаанд ямар нэгэн зүйл болж байгааг та бүхэн анзаарч байгаа байх” хэмээн О'Хэнлон онцлон тэмдэглэжээ.


“Санаа нэгтэй улсууд”


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Улаанбаатар хотод айлчлахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “АНУ Монгол улстай цэргийн салбарт илүү өндөр түвшинд харилцаа тогтоохыг хүсэж байна” гэжээ.


“Монгол Улсын байршил, тус улсын бидэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол, гуравдагч хөршийн бодлого нь тус улсыг зорьж, хамтын ажиллагаагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагийн шалтгаан минь юм. Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутгууд дахь гол улсуудтай үргэлжлүүлэн харилцаа тогтоосоор байна. Эдгээр улсад айлчлах бүртээ би энэ чиглэлд илүү ихийг хийхийг хүсэж байгаа бөгөөд Монголын тухай яригдаж байгаагаас үл хамааран цаашлаад Вьетнам, Индонез болон бусад улс нь санаа нэгтэй, Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүсэд итгэдэг, үнэт зүйлсээ хуваалцаж, бие биенийхээ бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг улсуудтай хамтран ажиллах нөлөө бүхий чухал улсууд юм гэж би үзэж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


“Улаанбаатар хотод хийх яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа хийгээд цэргийн хамтарсан бэлтгэлийн асуудалд төвлөрөх болно” хэмээн Эспер айлчлал хийхийнхээ өмнө ярьсан байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэхдээ “АНУ-ын эрх баригчид Монгол улсад тэгш байдлыг харж байгаагийн сацуу цэргийн албан хаагчдаа Афганистан руу явуулж, нутаг дэвсгэртээ Америкийн цэргийн анги нэгтгэлийг бэлтгэл хийлгэх боломжийг олгож байгааг ихээхэн өндрөөр үнэлж байна” гэжээ.


М.Эсперийн айлчлалын үеэр хоёр улс цэргийн салбарт ямар нэг шинэ тохиролцоонд хүрэх тухайгаа мэдэгдэх эсэхийг тодруулахад тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан байна.

 

Холбоотой мэдээ