Арван аймгийн төвд дулааны станц барихад БНСУ-ын тэргүүлэгч компани зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” компанийн ерөнхийлөгч Хьюнсу Так нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ шинээр барих юм. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц болон дулаан дамжуулах шугам сүлжээ хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар тогтмол хангах аж. Ингэснээр агаарын бохирдол, амьсгалын замын өвчин, нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл багасаж, үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг сайжрах нөхцөл бүрдэх юм.
Зөвлөх түншлэл нь дулааны станцын загвар дизайныг боловсруулах, барилга угсралтын ажлын тоо хэмжээ, тавигдах шаардлагыг тодорхойлох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, барилга угсралтын ажлын явцад хяналт тавих, ажиллагсдад сургалт зохион байгуулах, туршилт, тохируулга хийж ашиглалтанд хүлээлгэж өгөх, ашиглалт засвар үйлчилгээний дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллах үүрэг хүлээсэн.
БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” компани эрчим хүчний зураг төсөл, шинэ эх үүсвэр, дулаан хангамжийн системийн төлөвлөлт дизайны инженерийн зөвлөх үйлчилгээг өөрийн болон олон улсын хэмжээнд үзүүлдэг БНСУ-ын тэргүүлэгч компаниудын нэг юм. Харин шинээр барих дулааны станц, дулаан дамжуулах төвүүдийг цахилгаан цэвэр ус хангамж болон бохир ус зайлуулах системд холбох, дулаан түгээх шугам сүлжээг шинэчлэх, хэрэгцээний халуун усны шугам барих, ажиллах хүчнийг бүрдүүлж, сургаж бэлтгэх ажлыг монголын тал хариуцаж хийнэ.
Монгол Улсын Арван аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийг хоёр улсын Засгийн газар тохиролцож, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний биелэлтийг хангах хүрээнд төлөвлөсөн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.