Нийслэлийн усны нөөц, ашиглалтад хяналт тавих ажлын баг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-31 13:51:25
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах зөвшөөрөл олгох үйлчилгээг усны нөөц, ашиглалтын түвшин, нутаг дэвсгэрээс хамаарч ялгаатай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын багийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.


Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 2030 онд хотын усны хэрэглээ хоногт 614.4 мян шаа метр болж нэмэгдэх судалгаа гарсан. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх шаардлага бий болж байгаа юм.

Туул голын сав газарт нийслэл хотын төвийн долоон дүүрэг, Төв аймгийн 11, Архангай аймгийн нэг, Булган аймгийн тав, Өвөрхангай аймгийн нэг сумын нутаг дэвсгэр багтдаг. 2018 оны жилийн эцсийн байдлаар тус сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд тус голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой гол болоод байгаа юм. Жилээс жилд өсч байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээ болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд урсацгүй болж, тасрах нь түгээмэл болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болжээ.

Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүлжээ.

Ажлын баг БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, "Монгол ус" ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөллөөс бүрдэж байна.

Холбоотой мэдээ