Үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-26 15:53:41

Увс /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 25-нд 15.00 цагийн үед орж эхэлсэн бороо одоо хүртэл Улаангом суманд үргэлжлэн орж байна.

Хүчтэй борооны улмаас Улаангом сумын наймдугаар багийн нутаг Бор-Үзүүр хэмээх газарт зусаж байсан дөрвөн айлын гэр усанд автжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч хоёр техниктэй гарч усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүллээ.

Үүнээс гадна өнөөдөр орон нутгийн 13 цагийн үед Улаангом сумын Барилгын хороонд нэг айл усанд автсан мэдээлэл ирсний дагуу аймгийн Онцгой байдлын газраас зургаан албан хаагч очиж борооны ус соруулах ажлыг гүйцэтгэж байна. Бороо зогсохгүй байгаа тул ус соруулах ажлыг яаралтай хийхгүй бол тухайн хорооллын айл өрхүүд усанд автах эрсдэлтэй байгаа аж.

Тэрчлэн өчигдөр Давст сумын Хандгайт багийн нутаг Бэлчир хэмээх газарт зусаж байсан гурван айлын гэр салхинд хийсчээ.

Гурван айлын хоёр нь эзэнгүй байсан бөгөөд нэг айлд ганцаараа байсан жирэмсэн эмэгтэй гэртэйгээ хамт салхинд шидэгджээ.

Жирэмсэн эхийг Давст сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Жирэмсэн эмэгтэйгийн нөхөр нь малдаа явсан хойгуур ийм явдал болжээ.  

Холбоотой мэдээ