Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын мөнгө, санхүүгийн статистик тойм мэдээллийг өнөөдөр Монголбанкнаас танилцууллаа.
Төвбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа танилцуулснаар, мөнгөний нийлүүлэлт буюу М1 өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 20.2 их наяд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Харин өмнөх сараас 0.3 хувь буюу 71 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас буурахад төгрөгийн хадгаламж 350 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Мөнгөний нийлүүлэлтийг эх үүсвэр талаас авч үзэхэд, 54.1 хувийг төгрөгийн хадгаламж, 17.1 хувийг төгрөгийн харилцах, 14.5 хувийг валютын хадгаламж, 11.2 хувийг валютын харилцах эзэлж, үлдэх 3.2 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө бүрдүүлж байна.
Нийт хадгаламжийн хэмжээ
зургадугаар сарын байдлаар 13.9 их наяд төгрөгт хүрсний 83 хувийг иргэдийн
хадгаламж, 17 хувийг байгууллагын хадгаламж тус бүр эзэлжээ. Мөн иргэдийн хадгаламжийн 20.7, байгууллагын хадгаламжийн 23.4 хувийг
гадаад валютын хадгаламж эзэлж байна.
Банкуудын зээлийн үлдэгдэл зургадугаар сарын байдлаар 18.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 26 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөгт хүрсэн бол хувийн байгууллагынх 10 хувиар өсөж, 8.5 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 14 хувийг иргэдийн зээл, 1.6 хувийг байгууллагын зээл, 27 хувийг гадаад валютын зээл эзэлж, үлдсэнийг бусад зээл эзэлж байна. Өнгөрөгч сард банкууд 2.1 их наяд төгрөгийн зээл олгож, 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хүлээн авсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн 10.6 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ өмнөх сарынхаас 0.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 4.1 хувьтай байна.
Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь
танилцуулбал уул уурхай болон боловсруулах салбар нийт зээлийн үлдэгдлийн тус
бүр 16 хувийг эзэлж байна. Үүний дараа барилга 18 хувь, худалдааны салбар 24
хувийг эзэллээ. Иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдлийн 37 хувийг ипотекийн
зээл, 34 хувийг цалин, тэтгэврийн зээл эзэлж байна.
Өнгөрөгч сард банкууд нийт 780 зээлдэгчид 58.3 тэрбум
төгрөгийн ипотекийн зээл олгосны 46 хувийг хөтөлбөрийн санхүүжилтээр, 54 хувийг
банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн
жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 11.2 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх сараас
0.1, өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдээс татсан хадгаламжийн ЖДХ 11.3 хувьтай,
хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 11.0 хувьтай байна.
Төлбөрийн тэнцэл зургадугаар сарын байдлаар 456 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 136 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Үүнд манай улсын экспорт эхний зургаан сарын байдлаар 10 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Ингэснээр Монгол Улсын гадаад валютын улсын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч буй юм.
Б.Болд