В.Путин үерт автсан Эрхүү мужид очжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-07-19 15:11:02

БРАТСК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үерт автсан Эрхүү мужийн Братск хотод хүрэлцэн очжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Оросын удирдагч бүс нутагт үеийн уршгийг арилгах арга хэмжээний талаар зөвлөгөөн хийнэ. Уг зөвлөгөөнд Засгийн газрын гишүүд, албан байгууллагууд болон хотын захиргааны удирдлагууд оролцоно.


“ОХУ-ын төрийн тэргүүн мөн усанд автсан газруудад болон үерийн улмаас хохирсон хүмүүсийг урт хугацаагаар байрлуулах цэгүүдэд очиж байдалтай нь танилцана” гэж мэдээлэлд дурджээ.


В.Путин зургадугаар сарын 30-нд шилжих шөнө Эрхүү мужид очсон юм. Японд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тэрбээр үерийн гамшгийн байдалтай газар дээр нь танилцахаар бүс нутагт очжээ. Тухайн үед Братск хотод хийсэн зөвлөгөөний үеэр В.Путин албаны хүмүүсийн тайланг сонссон байна. Тэрбээр мөн гамшгийн уршгийг арилгах, хохирогчдод тусламж үзүүлэх, орон сууцууд болон дэд бүтцийг сэргээхтэй холбоотой хэд хэдэн үүргийг холбогдох албаны хүмүүст өгчээ.


Холбоотой мэдээ