“Apollo 11” хөлгийн нислэгийн төлөвлөгөөний хуудсуудыг үнэ хаялцуулжээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2019-07-19 12:29:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн сансрын нисэгч Нил Армстронг, Базз Олдрин нарын 1969 онд Саран дээр буусан “Apollo 11” хөлгийн нислэгийн төлөвлөгөөний хуудсуудыг пүрэв гарагт Нью-Йорк хотноо үнэ хаялцуулж, 62.5 мянган ам.доллароор худалджээ. Энэ тухай дуудлага худалдааны “Christie's”ордны цахим хуудсанд мэдээлэв.


Олдрины гарын үсэг болон сансрын нисэгчдийн ажлын тэмдэглэл бүхий хоёр хуудсаас гадна өөр 130 гаруй эд зүйлийг худалджээ. Тухайлбал, “Apollo 11” хөлгийн нислэгийн төлөвлөгөөний эцсийн хувилбар 40 мянган ам.доллар, Сарны гадаргуу дээр авахуулсан Нил Армстронгийн зураг 32.5 мянган ам.доллар, Нил Армстронгийн багийн гурав дахь гишүүн Майкл Коллинзтой хамт авахуулсан зураг 25 мянган ам.долларын үнэ хүрч зарагдсан байна.


Дээрх дуудлага худалдааг Саран дээр хүн анх удаа хөл тавьсны 50 жилийн ойг тохиолдуулан пүрэв гарагт зохион байгуулжээ.  


Холбоотой мэдээ