Сагсай сумын баяр наадмаар согтууруулах ундаа худалдаалахыг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-19 11:46:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ сарын 19-21-нд болно.

Ойн баяртай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар тухайн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо.

"Тус хязгаарлалт нь баяр наадмын үеэр гэмт хэрэг зөрчилгүй тайван тэмдэглэж өнгөрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд ойн арга хэмжээ дуустал үргэлжилнэ" гэж зохион байгуулагчид ярив.

Сагсай сумыг 1936 онд Жаргалант сагсай сум нэртэй анх байгуулжээ. Дараа нь 1956 онд татан буулгаж, 1959 онд дахин байгуулсан байна.

Сагсай  сум тус аймгийн томоохон сумдын нэг бөгөөд хүн амын тоо 5211, мал сүргийн тоо 159869 хүрсэн, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж буй бөгөөд ажлын үзүүлэлтээр аймагтаа сүүлийн дөрвөн жил дараалан тэргүүлсэн амжилтаар 60 жилийн ойгоо угтаж байна.  

Холбоотой мэдээ