Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлага хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-17 17:52:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ой буюу энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 9 даван түрүүлж, Монгол Улсын Аварга цол хүртсэн Э.Оюунболдод ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав тэргүүтэй тус газрын Зөвлөлийн гишүүд хүндэтгэл илэрхийлэв. 


Цагдаагийн дэд хурандаа, Монгол Улсын аварга Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм.



Тэрээр "Аварга" дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлагад бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлснээр аймгийн арслан цол хүртэж байв. Улмаар 2013 оны улсын наадмаар зургаа даван улсын харцага цол хүртжээ. Тэрээр 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлж, мөн улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болж байлаа. Энэ нь 1963 оны түрүү бөх Ж.Мөнхбат аваргаас хойш 22 насандаа, 1989  онд  Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий аймгаас түрүү бөх тодорсон тохиолдол юм. 


Тэрбээр 2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн, 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон) авсан амжилт үзүүлээд байв.

Холбоотой мэдээ