Орхоны иргэд Эрдэнэт хотын статусаа сэргээхийг хүсч байгаагаа УИХ-ын даргад уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-02 10:32:34
oyuka_hu@yahoo.com

“2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын хуудсанд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай санал асуулга давхар бичихээр төлөвлөж байгаа. Энэ нь аймгаа хот болгох сонирхолтой танай аймагт ихээхэн хамаатай” гэж УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэллээ. Учир нь тус аймгийн иргэд Эрдэнэт хотын статусаа дахин сэргээхийг хүсч байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд  Орхон аймгийн иргэдтэй уулзахдаа эдийн засгийн өнөөгийн байдал, Зөрчил болон Эрүүгийн хуулийн тухай танилцууллаа. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ буурсан нь монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг дурдлаа. Түүнчлэн ирээдүйд  ихээхэн хөрөнгө оруулалтыг авчрах барилга, дэд бүтцийн салбарт бондын мөнгийг зарцуулсан гэдгээ ч онцлов. Энэ мэт мэдээллийн дараа иргэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээс “–Үйлдвэрийн зарим захиралд байр авч өгсөн тухай мэдээлэл цахим ертөнцөд байна. Энэ үнэн үү?  Хэрэв үнэн бол үүнийг ямар хөрөнгөөр авч өгсөн бэ?” гэсэн юм. Ц.Даваацэрэн “ Бид өнгөрсөн хугацаанд  1. Үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулах 2. Инновцийг хөгжүүлэхэд анхаарсан. Үүний үр дүнд шахааны бизнесийг багасгаж, хэмнэлтийн бодлогоо эрчимжүүлсэн. Нийт хэмнэлтийн 10 хувийг Ерөнхий захирал захиран зарцуулах эрхтэй байдаг. Иймд зарим захиралд байр авч өгсөн нь үнэн. Үүнийгээ ил тод зарлаж Авилгатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагад мэдэгдсэн” гэлээ. Ийнхүү УИХ-ын дарга иргэдтэй хийсэн уулзалт нэг цаг гаруй үргэлжилж өндөрлөсөн юм. Дашрамд дурдахад, дээрх уулзалтын үеэр иргэд гадаа талбайд “Олуулаа ядуусын эгнээнд шилжлээ. Хэний гавьяа вэ, 1 ам.доллар 2019 төгрөгтэй тэнцлээ. Сайн үр дүн үү?” гэсэн бичиг барьж зогссон байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ