Уоррен Баффетт буяны сангуудад хандив өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-02 12:07:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет өөрийн эзэмшдэг “Berkshire Hathaway” холдингийнхоо 3.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцааг буяны таван санд хандивлажээ. Энэ тухай тус холдингийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


Мэдээллээс үзвэл, өдгөө 88 настай Баффет “Berkshire Hathaway”-гийн "А" зэрэглэлийн 11 250 хувьцааг хөрвүүлж, "Б" зэрэглийн 16.9 сая орчим хувьцаа авахаар тооцоолж байгаа аж. Эдгээр хувьцааг "Bill & Melinda Gates", "Susan Thompson Buffett Foundation" /2004 онд нас барсан Баффетын эхнэрийн дурсгалд зориулсан сан/, "Howard G. Buffett Foundation", "Sherwood Foundation" болон "NoVo Foundation" гэсэн сангуудад хуваарилан тараах аж. Сүүлийн гурав нь Баффетын хүүхдүүдийн сан юм.


Дээр дудсан буяны сангуудад хөрөнгийнхөө 85 хувийг шилжүүлнэ гэж Баффет 2006 онд амлажээ. Тухайн үед тэрбээр 44 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй байв. Одоогийн байдлаар тэрбээр нийтдээ 34 тэрбум ам.долларын хандив өргөөд байгаа аж.


Баффетын тэргүүлдэг “Berkshire Hathaway” холдинг жилээс жилд өргөжин тэлж, 80 орчим компанийн бүрэлдэхүүнтэй үндэстэн дамнасан корпораци болжээ.


АНУ-ын Небраска муж улсын Омаха хотоос гаралтай Уоррен Баффет “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 2008 онд тэргүүлж байсан билээ. Тус сэтгүүл одоо түүний хөрөнгийг 89.9 тэрбум ам.доллароор үнэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр тэрбээр дэлхийд болон АНУ-д гуравдугаарт орж байна.


Холбоотой мэдээ