Тамирчдын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-02 15:50:15

Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотноо "Олон улсын олимпийн өдөр", "Монголын тамирчдын баяр"-ын үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Үүний хүрээнд спортын олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулсанаас гадна спортын салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. 

Мөн улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болж, Тэс сумын харъяат, сумын заан Д.Батмөнх түрүүлж, Тэс сумын харъяат, аймгийн харцага Я.Батболд үзүүрлэн, аймгийн нэмэх начин Э.Лхамхүү, сумын заан Б.Нямсамбуу нар шөвгөрлөө.

"Олон улсын олимпийн өдөр", "Монголын тамирчдын баяр"-ын нээлтийн арга хэмжээнд ахмад, дунд, залуу үеийн тамирчид, багш дасгалжуулагчид, алдартан гавъяатнууд оролцсон бөгөөд хүндэт зочид төлөөлөгчдөд хандан аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэсэн юм.

2019 он гарснаас хойш зөвхөн УАШТ-ээс Увс аймгийн тамирчид одоогийн байдлаар алт, мөнгө, хүрэл, нийтдээ 103 медалийг хүртсэн амжилттайгаар багш дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, баг тамирчид маань баяраа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ