Хархорин экспедицийн хамтын ажиллагааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-21 16:37:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бонны их сургуулийн хүрээлэнгийн захирал профессор, доктор Ян Бемманн болон ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол, Германы "Хархорин экспедиц"-ийн  хамтын ажиллагааны гэрээг сунгах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт тусгаснаар, энэхүү гэрээг дахин 5 жилээр буюу 2024 он хүртэл сунгаж буй юм.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Бонны  их сургуулийн Өвөг ба эртний түүхийн Археологийн хүрээлэн өнгөрсөн 15 жилд Монголын эртний нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.   

 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр, дээрх эрдэм шинжилгээний  хамтын ажиллагааны үр дүнг олон улсад өндөр үнэлжээ. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдэд олон идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдын эрдмийн үйлсийг дэмжиж иржээ.

 Хоёр талын хамтын ажиллагааны тухай гэрээг 2005, 2009, 2014 онд 5 жилээр тус тус сунгаж байв. 

Холбоотой мэдээ