Д.Цэвээнравдан:Өрсөлдөөн байгаа газар хөгжил дэвшил явагдаж байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:01:25

Монгол улсын хэмжээнд Засгийн газрын шалгуур үзүүлэлтүүдийг өндөр хувьтай хэрэгжүүлж  2014 онд Улсын тэргүүний аймаг болж, удаа дараа Улсын тэргүүний шилдэг хоёр сум төрж, сүүлийн жилүүдэд эдийн засаг хэдий хямралтай байгаа хэдий ч Ховд аймагтаа дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хийж, нийгмийн олон салбарт дэвшил гарган ажиллаж байгаа Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдантай уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

Юуны өмнө таныг манай сэтгүүлийн ушигчдад хандаж мэндчилгээ дэвшүүлэхийг урьж байна ?

-Баярлалаа. Нийт монгол түмэндээ Ховд аймгийнхаа олон овог угсаатныхаа өмнөөс  болон хувиасаа гал бичин жилийн хаврын дунд сарын билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлэе. Монгол оронд ардчилал шинэчлэлийн үйл явцтай зэрэгцэж Монгол Улс  ардчилсан үндсэн хуультай болсон. Энэ үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголтыг үндсэн хуульдаа оруулж, өөрөө удирдах ёсыг хэлбэржүүлэн бэхжүүлэхийн төлөө зүтгэж байгаа нийт байгууллагуудын идэвхтэн сонгуультан, улсынхаа төлөө зүтгэж байгаа төрийн зүтгэлтнүүддээ, бүх шатны сум, аймаг, нийслэл, дүүргийн ИХТ-ын ажилтнууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

-Ховд аймгийн  нүүр царай өдрөөс өдөрт шинэчлэгдэн хөгжиж дэвшиж байгаагийн давуу тал нь юунд оршиж байна вэ?

-Ховд аймгийн хувьд Монгол Улсын хэмжээнд хамгийн олон овог угсаатан амьдардаг гэдгээрээ бусдаас ялгарч байдаг нь  манай аймгийн өвөрмөц  давуу тал юм.  Учир нь монголчуудын хэдэн мянган жилийн нүүдлийн соёл иргэншил, зан заншил, язгуур өв соёлыг хадгалж авч хөгжүүлж яваа хүмүүс бол Ховд аймгийн угсаатнууд юм. Нөгөө талаараа олон овог угсаатнууд нэг дор байна гэдэг нь дотоод өрсөлдөөн их  байдаг. Өрсөлдөөн байгаа газар хөгжил дэвшил явагдаж байдаг. Эндээс аваад үзвэл овог угсаатан болгон өөр хоорондоо илүү ажил хөдөлмөр хийе, амьдрал ахуйгаа өөд татая, нутаг усандаа нэр хүндтэй, хойч үедээ ирээдүйгээ ач,гучдаа сайн сайхныг өвлүүлэх гэж  хөдөлмөрлөж зүтгэдэг нь Ховдчуудыг илүү хөдөлмөрч, дайчин аливаа юмыг даван туулах сэтгэлийн тэнхээтэйг харуулдагт олон овог угсаатнуудын бахархал оршдог.

-Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байгаа таны хувьд ажлын анхны гараагаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас эхэлсэн шүү дээ? Энэ байгууллагын тухай таны бодол саналыг сонсое?

-Миний хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 1990 оноос тасралтгүй сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд  багийн засаг дарга, сумын засаг даргын орлогч, сумын засаг дарга, сумын ИТХ-ын дарга, олон улсын байгууллагад ажиллаж байгаад Улс төрийн боловсролын академийн баруун бүсийн салбарын эрхлэгч, Дэлхийн Байгал Хамгаалах Сангийн баруун бүсийн салбарын захирлаар ажиллаж ирсэн.  2012 оноос Ховд аймгийн засаг даргаар сонгогдон томилогдоод ажиллаж байна.  Ховд аймгийн ИТХ, Засаг Даргын хамтын ажиллагаа бол энэ дөрвөн жил нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан нэгнийгээ хүндэтгэсэн нутаг орныхоо хөгжлийн төлөө нэг эмээлийн хоёр бүүрэг мэт хамтран зүтгэсэн ийм он жилүүд байлаа. Аймаг сумын хөгжлийг улам эрчимтэй явуулах нэг арга зам нь бол нутгийн удирдлагын хоёр тал болсон ИТХ, Засаг даргын хамтын ажиллагаа нэгнийгээ нөхөж ажиллаж ирсэн чадвар нь өөрөө хамгийн чухал хүчин зүйл байсан гэж үздэг. Энэ хугацаанд бид ихээхэн амжилт ололтыг олсон. Энэхүү бүрэн хугацаа бол бидний хувьд хийсэн ажилтай, хэлэх үгтэй ийм он жилүүд боллоо. Нөгөө талдаа бид ахмадууд, өмнөх үеүүдийнхээ хийж бүтээж байсан сайн зүйлүүдийг улам цааш нь хийж бодит ажил болгохыг тулд ихээхэн зүтгэл гаргасан. Ирээдүй үеийнхээ хөгжлийн суурь асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэсэн ийм  сайхан жил байлаа гэдгийг хэлэхэд таатай байна.

-Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн хувьд амжилт арвин, бүтээл өрнүүн  сайхан он жилүүд болж байгаад олон түмэн ам сайтай байгаа.Тэгэхээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид дүн тавьдаг шүүдээ?

-Өнөөдөр Ховд аймаг арван гурван угсаатантай. Алдарт найрагч нэгэнтээ үхрийн бөөр шиг алаг хирнээ ихрийн сэтгэлтэй ард нь сайхан гэж шүлэглэсэн байдаг. Үнэхээр арав гаруй овог угсаатангууд маань орон нутгийнхаа удирдлагын үйл ажиллагааг дэмжиж бүгдээрээ өрх гэрийнхээ амьдралыг өөд нь татахын төлөө баг, сум, аймгийнхаа төлөө хувь нэмрээ оруулж мэрийж зүтгэж байгаа нь бидэнд  ажлын  их урам өгдөг. Сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн засаг даргын дэвшүүлж тавьсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай сайн хэрэгжиж байна. Хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хагас бүтэн жилээр аймгийн ИТХ болон ард иргэддээ тайлагнаж, дараа нь  ИТХ, ард иргэдээсээ үнэлэлт дүгнэлт авч цааш нь улам сайжруулж чанаржуулж, эрчимжүүлэх талаар иргэдтэйгээ байнга холбоотой ажилласанаараа мөрийн хөтөлбөр хэрэгжихэд ихээхэн дэмжлэг болсон. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр тухайн  жил бүрт 100-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа нь манай аймгийн ажилсаг, хөдөлмөрч  хүн зоны зүтгэлийн үр дүн юм. Хамтран нэг баг болж ажилласан  аймгийн ЗДТГ-ын баг хамт олон, харьяа хэлтсүүд, газрын дарга нар, сум багийн засаг дарга нар, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар бүх байгууллагуудын удирдлагууд хөгжил дэвшлийн төлөө нэгэн зүрх сэтгэлтэй хамтарч ажиллааа. Үүний үр дүнд мөрийн хөтөлбөр  амжилттай сайн хэрэгжиж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцохдоо дөрвөн жилээ  100 хувь гэж авч үзээд тухайн жилд тавьсан зорилт бүрэн биелсэн бол 25 хүртлэх хувь авдаг. Тэгэхээр гурван жилийн эцсээр авч үзэхэд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр 79  хувьтай хэрэгжиж байгаа нь 100-аас дээш хувьтай хэрэгжиж байна гэдгийг манай Иргэдийн хурал дуу нэгтэй хэлж байгаа нь иргэдийн хурлын нийт төлөөлөгчдийн аймаг орноос хийж хэрэгжүүлж байгаа ажил, засаг даргын мөрийн хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажилласны үр дүн юм.

Улс төрийн намууд орон нутгийнхаа төлөө ИТХ дээр өөр өөр байр суурьтай байдаг ч  намын бодлого намын пиар ч гэдэг юм уу? сурталчилгааг ярьдаг боловч хурлаас бусад үед нь эх орныхоо хөгжлийнхөө төлөө нэгэн дуугаар хамтарч байгаа нь бид ололт амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэдгийг заавал хэлэхийг хүсч байна. 

-Ховддоо сайхан амьдрах бизнес,эдийн засгийн таатай орчин бүрдээд ирэхээр хүмүүсийн тоо нягтаршиж, улам тэлж байгааг бид бүхэн харж байна. Аймгийн засаг дарга таны хувьд ямар өнцгөөс  нь харж байна  вэ?  

-Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хүн амьдрах таатай орчин болгохыг нэг дэх гол зорилгоо болгосон, хоёрдахь  гол зорилт нь үйлдвэрлэл бизнес эрхлэхэд Ховд аймаг Монгол улсын хэмээнд ээлтэй байх,  гурав дахь зорилт нь ногоон хөгжлийн загвар аймаг болж хөгжинө гэдэг зорилт тавьсан. Ховд аймаг  гурван жил дараалан хүн ам нь 5,0 мянгаар өссөн нь дундаж хүн амтай хоёр сумын дайтай хүн амын тоо  өссөн байна.  Ховд аймгаас хүмүүс хот сууринд шилжин суурьшихаар явдаг биш, харин  аймаг орон нутагтаа амьдрахаар ирж, үйлдвэрлэл бизнес эрхлэе гэдэг хүмүүсийн тоо, шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж байгаа нь бидний хэрэгжүүлж байгаа бодлого зөв явж байгаа  гэдэг нь харагдаж байна.

-Нийслэлээс алслагдсан гэгддэг холын Ховдод дэд бүтэц, зам харилцаа үсрэнгүй хөгжиж “тэсрэлт” хийсэн жил боллоо. Зам харилцааны  хөгжлийн тухайд?

-Ховд аймагт хийгдсэн барилга зам, дэд бүтцийн салбар үсрэнгүй хөгжлөө. Автозамын салбарт гэхэд Алтай нуруу дамнасан Бодончийн хавцалд хамгийн хүнд нөхцлийн замын барьлаа.  БНХАУ, ОХУ-тай холбосон олон улсын А4 замын нийт замын 80 гаруй хувийг барьж байгууллаа. Ховд аймгаас Алтай хот хүртлэх зам тавигдаж байна. Мянгад сумаас Саранхайрхан чиглэлийн зам тавигдаж байна. Эрдэнэбүрэнгээс Баян-Өлгий чиглэлийн зам тавигдаж байна. Ховд аймгийн хөдөөгийн 16 сумын 10 нь аймгийн төвтэйгөө засмал замаар холбогдсон. Ойрын хугацаанд нэмж хоёр  сум аймгийн төвтэй  засмал замаар холбогдоно. Аймгийн маань  17 сумын 12  нь сумынхаа төвд их бага хэмжээний хатуу хучилттай хар замтай болсон. Аймгийн нийт нутаг дэвсгэр дээр 1000 км илүүтэй засмал зам тавигдсан. Нийслэлээс алс холын Ховдод дээрх  замууд шинээр баригдснаар Улаанбаатартай ойртож байна.

Наад зах нь Булган сумаас БНХАУ-ын нутаг дэвсгэр ороход бүтэн өдөр зарцуулдаг байсан бол одоо дөрөвхөн цаг явдаг болсон. Улаанбаатар хот руу 48 цаг явдаг байсан одоо том оврын тохилог автобус  27-30 цаг явдаг боллоо.  Улаанбаатар Ховд аймгийн хооронд долоо хоногт 11 удаа нислэг хийгддэг боллоо. Энэ оны 4 дүгээр сарын 15-наас МИАТ компаний 162 хүний суудалтай онгоц долоо хоногт гураваас дээш нислэг хийгдэхээр боллоо. Сарнаас ч хол гэгддэг Ховд нутаг  нийслэл бусад аймаг,  хотуудтай хамгийн ойрхон нутаг болж  хөгжиж байна.

-Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  хоёр жилийн өмнө гадна дотны мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн. Энэ төлөвлөлт зөвхөн цаасан дээр биш бодитой гэхдээ маш хурдтай  хэрэгжиж  олны нүдэнд харагдаж, гар баригдаж  байгааг бид харж байна?

-Эртний түүхт  Ховд хот 330 гаруй жилийн түүхтэй. Ховд хот үүссэн цагаасаа үе шаттайгаар  хот төлөвлөлт хийж ирсэн. 30 гаруй мянган хүн амтай байсан бол одоо 40 гаруй мянган хүн амтай болсон нь хотын   инженерийн суурь асуудлыг цогцоор нь шийдвэрлэснээр тэлж хөгжих суурь нь  болж байна. Үүнд таван  хүчин зүйл байгаа. Нэгд  2030 он хүртэлх Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гадна, дотны мэргэжилтнүүдтэй хамтарч шинээр хийлгэж мөрдөж эхэлж байна. Ховд хотын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах дулааны 2 дугаар станцыг төв магистрал шугам болон дулаан түгээх  найман  төв салбар шугамуудын хамт барьж байгуулж ашиглалтанд орууллаа. Мөн цахилгааны 2 дугаар дэд станцын хуваарилах байгууламж  6,0 мян кв-н шугам сүлжээ болон 04-ын шугам сүлжээний өргөтгөл бүрэн хийлээ. Цэвэр усны өргөлтийн 2 дугаар станц цэвэр усны 18 км шугам сүлжээг барьж, ус нөөцлөх савны хамт барьж байгуулж байна.  Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүллээ. Ингэснээр Ховд хот өнөөдөр 40,0 мянган хүн амтай байгаа бол ирэх жилүүдэд 80,0 мянга түүнээс дээш хүн амтай  үйлдвэрлэл үйлчилгээ бүс нутгийн соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан санхүү үйлдвэрийн төв таталцлын төв болж хөгжиж байгаа Монгол Улсын цорын ганц хот боллоо. Сүүлийн гурван жил шинээр 900 гаруй компани, аж ахуй нэгж, хоршоо байгуулагдаад байна. Энэ нь худалдаа, бизнес, үйлдвэрлэл амжилттай хөгжиж байгаа жишээ гэж хэлж болно. 2015 онд  аймгийн төвд зургаан  зочид буудал ашиглалтанд орлоо. Булган, Зэрэг сумуудад өндөр зэрэглэлийн зочид буудлуудтай боллоо. Зочид буудлын тоо ихсэж байгаа нь аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн орчин бий болж  нэмэгдэж байгааг харуулж байна. Нөгөө талаар хувийн хэвшлийнхэн зоогийн газар, худалдаа үйлчилгээний төвүүд барьж байгуулж байна. Ер нь  Ховд аймгийн эдийн засаг эрчимтэй өсч байна. 2012 онд Ховд аймгийн ДНБ 160 тэрбум байсан бол 2015 онд 360 тэрбум болж. Жил бүр аймгийн ДНБ өсөлт 20 хувиар өсч байна. Ховд аймгийн нэр хүнд өрсөлдөх чадвар жилээс жилд өсч байна.

-Алслагдсан аймгуудад бензин шатахууны үнэ өндөр байгаа тухай олон жил яригдаж, оны өмнөхөн хот суурингийн үнэ ханштай ижил болгосон. Шатахууны үнэ буурснаар ямар ахиц дэвшил гарч байна вэ?  

-Засгийн газарт баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ ханш өндөр байгаа талаар удаа дараа асуудал оруулж бинзений үнийг Улаанбаатар хотынхтой  адил болголоо. Ингэснээрээ хүмүүсийн амьжиргааны түвшин сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах сайхан нөхцөл бүрдлээ. Ховд аймгийн тээвэрчид өнгөрсөн 2015 онд нэг сая илүү тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 370 мянган тн нь Хөшөөтийн уурхайгаас коксжих нүүрс экспортонд тээвэрлэсэн байна. Бусад нь барилгын материал, өргөн хэрэглээний бараа байна. Эндээс үзэхэд  тээвэрчдийн орлого нэмэгдэж байна. 2012 оноос эхлэн Ховд аймагт 1300 гаруй орон сууц баригдаж ашиглалтанд оруулсан. Үүний 1200 нь Ховд хотод баригдаж, хөдөөд сумуудад орчин үеийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон 4-5 давхар орон сууцууд баригдаж эхэллээ. Жилийн дотор Ховд аймгийн барилгачид 70 мянган метр кв барилга барьсан. Энэ бол социализмын үед таван жилийн зорилго болгож байсан барилгатай тэнцэх хэмжээний барилгыг маш хурдтай барилаа гэсэн үг. Манай аймгийн Зэрэг, Мянгад, Алтай  сумуудад инженерийн шугам сүлжээтэй холбогдсон барилгууд баригдаж байгаа, цаашдаа ч олон барилгууд баригдана. Ховд хотыг тэлж хөгжүүлэх инженерийн суурь асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн он жил байлаа.

Ярилцсан А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ