Залуу судлаачид 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-20 10:14:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жил орхиж ирснийг анхаарч, цаашид зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтдийн төлөөлөл, ШУТИС-ийн багш А.Одгэрэл, “Гадаадын томоохон сургуулиудыг амжилттай төгсөөд ирсэн залуу судлаачдын хувьд судалгааны ажил хийх орчин нөхцөл манай улсад тааруу байдаг. Тийм учраас тэтгэлэг бидэнд томоохон дэмжлэг болж чадна. Судалгааны ажлыг дэмждэг гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг бусдадаа түгээж, судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч мэдлэг, хандлагыг нийгэмд түгээж байя” гэсэн юм.

Тэтгэлэг гардуулахад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал С.Намсрайжав нар оролцож, залуу эрдэмтдэд баяр хүргэлээ.

Энэ жилийн шалгаруулалтад 36 төсөл ирүүлснийг “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулжээ. 

Залуу докторуудын бие даан хийсэн судалгаагаараа дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санал санаачилгыг инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг урамшуулан тэтгэх зорилгоор 2010 оноос эхлэн сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.

 

 

Холбоотой мэдээ