Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-20 13:05:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийд хамтран зуны дунд сарын билэгт сайн өдөр Хөвсгөл нуурын их тахилгыг хийв.  Их тахилгад Мөрөнгийн хүрээний болон Улаанбаатар хотоос лам хуврагууд хүрэлцэн ирж лусын номнуудыг уншиж, сэржим өргөн даллага авч, Хоймор нутгаас төрөн гарсан уран бүтээлчид ая дуугаа өргөн Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирлаа. 

Энэ үеэр олноо Монгол багш гэж алдаршсан Гэвш лхаарамба Д. Жавзандорж хэлсэн үгэндээ “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүмүүн бидний үүрэг билээ. Хөвсгөл нуурыг зорин ирж буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Цаашид Хөвсгөл нуураа хайрлан хамгаалж, унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд төрийн тахилгатай болгохыг уриалж, ирсэн хүн бүр нуураа хайрлан хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэдгийг онцолж байлаа.


Лам хуврагууд ном унших үеэр Хөвсгөл нуурын мандалд битүү манан буусан бөгөөд энэ нь байгаль дэлхий баясч байгаагийн илрэл гэдгийг нутгийн буурлууд хэлж байв.


Тахилгын үеэр Сүхбаатар хөлөг онгоц болон завины нууранд хөвөх үзүүлбэр олон иргэдийн сонирхол татахуйц арга хэмжээ боллоо.


Мөн МУСТА дуучин Я.Гэрэлчулуун, Л.Сөрөлт, Т.Галсайхан, залуу дуучин Д.Амартүвшин нар хүрэлцэн ирж ая дууны дээжээ өргөн барьж газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нууртаа ирж амарч аялахдаа хог хаяж бохирдуулахгүй байхыг уриалж байлаа.


Хөвсгөл нуурын тахилгад зориулсан эрийн 3 наадам болж, Хөвсгөл аймгийн  Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөн, иргэд сүсэгтэн олон цэнгэг тунгалаг, ариун тансагаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл Хөвсгөл далайгаасаа эрч хүч авч, буянаа арвижуулан номын дуунд даган баясч Далай ээжийн тахилга өргөн дэлгэр боллоо.

 

Холбоотой мэдээ