920 шалгуулагч давхардсан тоогоор 2500 шалгалтад орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-18 17:06:26

Увс /МОНЦАМЭ/. 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 17-20-ны өдөр болж байна. Энэ удаагийн шалгалт нь сурагчид авсан оноогоо шалгалт дууссанаас хойш 10 минутад багтаан мэдэх боломжийг бүрдүүлсэн шууд засалт явуулж байгаагаараа онцлог юм. Нийтдээ 100 оноо авахаас ихэнх шалгуулагч 28-87 оноо авчээ. 

Энэ нь анхны хэмжээс дүн бөгөөд маргааш дүн тодорхой болох юм байна. Хэмжээс дүн гэдэг нь шалгуулагчдын оноог 200-800 оноо руу шилжүүлж бодохыг хэлж байгаа аж. Өнөөдөр шалгалт дууссаны дараа нэгтгэл хийж, шалгуулагчдын нийт дүнг 200-800 оноо руу шилжүүлж хэмжээст оноог гаргах юм байна. Анхны оноонд суурилж хэмжээст оноо гарах учраас ямар нэгэн зөрүү, оноо өөрчлөгдөх асуудал гарахгүй аж.

Увс аймгаас энэ онд 920 шалгуулагч давхардсан тоогоор 2500 шалгалтад орж байгаа бөгөөд хамгийн олон буюу математикийн шалгалтад 580, хамгийн цөөн буюу орос хэлний шалгалтад 13 хүүхэд орж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Боловсролын үнэлгээний төв, орон нутгаас хянагч, зохион байгуулагчийн бүрэлдэхүүнтэй нийт 50 гаруй хүн ажиллаж байна. Иргэд шалгалтын шууд засалтын үйл явцтай 1-р Цогцолбор сургуулийн Урлаг зааланд очиж сонирхох боломжтой аж.

                

Холбоотой мэдээ