Төв аймаг 2018 онд 4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-18 21:52:40

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХ-ын XIII хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. 

    Тус хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцсэн байна. Эхний асуудал нь аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батламжилж, 2019 оны төсвийг баталжээ. Үүний дараа Сэргэлэн сумын хилийн цэсийн асуудлаар хэлэлцэн, аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхай ажиллуулах газрыг аймгийн тусгай хэрэгцээ хамгаалалтад авах болон аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  

Хуралдаанаар нэг асуудлыг түдгэлзүүлэн, 6 асуудлыг шийдвэрлэж, 8 тогтоол гаргасан байна.

Хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатаас тодрууллаа.

- ИТХ-ын энэ удаагийн хуралдааны талаар та дэлгэрүүлж ярина уу?

-ИТХ жилд 4 удаа хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцдэг. Энэ удаа ИТХ-ын XIII хуралдаан хуралдаж, олон чухал асуудлыг шийдвэрлэлээ. Хамгийн том асуудал нь 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батламжилсан. Өнгөрсөн жил Төв аймаг төсөвт суулгасан бүхий л ажлаа хийж гүйцэтгэсэн боловч 4 тэрбум орчим төгрөгийн хэмнэлттэй ажилласан дүн гарсан байна. Хуралдааны үеэр аймгийн ерөнхий аудитор аймгийн төсвийн зарцуулалтын талаар ямар нэг зөрчил илрээгүй талаар сая мэдээлэл хийсэн.

-Хуралдаанд оруулсан асуудлуудаас нэг асуудлыг түдгэлзүүлсэн байна?

-Бичил уурхайн асуудлыг түр түдгэлзүүллээ. Учир нь сум орон нутаг энэ асуудлыг өөрөө зохион байгуулж, ИТХ-д асуудлаа оруулж ирдэг. Ер нь 50 орчим га-д 10 орчим нөхөрлөл ажиллах боломжтой байдаг. Тухайлбал, 65 газарт 66 нөхөрлөл ажиллуулахаар оруулж ирэхэд ихэнх газар хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт явуулж байгаа газар байх жишээтэй. Тиймээс бид тухайн газруудад аймгаас ажлын хэсэг гарган, хяналт хийж, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж шийдвэрлэхээр хойшлууллаа. Өнгөрсөн жил бичил уурхайн нөхөрлөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн газруудад хяналт шалгалт хийсний дараа энэ асуудлыг дахин хэлэлцэнэ.

-Сэргэлэн сумын хилийн цэсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Зуунмод сумын нэг баг Сэргэлэн сумын нутагт байрлаад 40 гаруй жил болж байна. Энэ газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхээр УИХ-д уламжлах тогтоол гаргасан.

-Батсүмбэр, Дэлгэрхаан, Зуунмод суманд буддын шашны үйл ажиллагаа явуулахаар сум орон нутагт хүсэлт гаргасан асуудлыг энэ хуралдаанаар бас хэлэлцэн шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ