Энэтхэг АНУ-ын бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татвараа нэмлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-17 12:12:30

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. АНУ-ын 28 төрлийн бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татварыг нэмэгдүүлснээр Энэтхэг 217 сая орчим ам.долларын нэмэлт орлоготой болно хэмээн телевизийн “NDTV” суваг мэдээлсэн байна.


Ням гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн татвар нь АНУ Энэтхэгийн ган болон хөнгөн цагаанд ногдуулсан татвараа нэмэгдүүлсний хариуд авч буй арга хэмжээ юм.


Самранд ногдуулах импортын татварыг 60 хүртэлх хувиар, сэвэг зарамд ногдуулах татварыг 30 хүртэлх хувиар огцом нэмэгдүүлэхээ Энэтхэгийн эрх баригчид өмнө нь мэдэгдсэн юм. Түүнчлэн бүйлс, грек самар, алим, лийр, борын хүчил, болон бусад металл эдлэлд ногдуулсан татвараа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Энэтхэг улс 2018 оны 8 дугаар сард АНУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татвараа нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч энэ шийдвэрээ удаа дараа хойшлуулж байжээ. АНУ-ын эрх баригчидтай хийж байсан яриа хэлэлцээ үргэлжилж байгаатай холбогдуулан ийнхүү хойшлуулсан байна.


АНУ өнгөрсөн оны 3 дугаар сард ган болон хөнгөн цагааны импортод 25 болон 10 хувийн татвар тус бүр ногдуулсан юм. АНУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бүх улсад уг татварыг ногдуулсан байна. Хариуд нь Европын Холбооны орнууд Америкийн 2.8 тэрбум евро бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар тохиролцжээ. АНУ-ын эрх баригчдын үйлдлийг бусад улс тэр дундаа Энэтхэг улс сөргөөр хүлээн авсан юм. 

Холбоотой мэдээ