Хөлбөмбөгийн U10 насны тэмцээнийг олон улсын жишгээр явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-15 12:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл бөмбөгийн хөвгүүдийн УАШТ-ий хамгийн бага нас болох U10 насны тэмцээн зургадугаар сарын 15-ны бямба гарагт өндөрлөж  шилдгүүд тодорно.


Энэ жилээс эхлэн 12-оос доош насны хүүхдийн тэмцээнийг МХБХ-ны Техникийн хэлтсээс гаргасан зөвлөмжийн дагуу олон улсын жишгээр Фестиваль хэлбэрт оруулж хүүхдүүдэд зориулан олон тоглолт, олон гоол оруулсан амжилтаар үнэлж зохион байгуулахаар шийдсэн юм.



Уг шийдвэрийг эцэг, эхчүүд болон багачууд ихэд талархан хүлээн авч байгаа аж. Тухайлбал, багуудыг тойргоор тоглуулж, олон тоглолт гаргаж байгаа нь эцэг эхчүүдэд болон хүүхдүүдэд ихэд таалагдаж байна. Хоёр тоглоод тэмцээнээ дуусгаснаас олон удаа хожигдоод ч хамаагүй тоглож байх нь хүүхдүүдийг энэ спортод дуртай болгоно хэмээн сайшааж байгаа юм.


Мөн хөл бөмбөгөөр хичээллэсэн хүүхэд их нийтэч болохын зэрэгцээ хичээл сурлага, олон нийтийн ажилд идэвхтэй байх боллоо. Манай хүүхэд ганц хөл бөмбөг тоглох биш сургуулийнхаа спортын тэмцээнд амжилттай оролцдог болсон хэмээн олон аав, ээж онцолж байгаа юм. Хүүхдээ хөл бөмбөг тоглуулснаар амжилт гаргаж хожиж хожигдохоос илүүтэй хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл чийрэг, нийтэч болоход нь туслаж байна хэмээн тэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Холбоотой мэдээ